Ирэх сард 250 улстөрч Монголд ирнэ

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан есөн арга хэмжээний эхнийх нь ирэх сард манай улсад болно. Тухайлбал, Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтыг ирэх сарын 21, 22-нд Төрийн ордонд зохион байгуулах юм.
Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцохоор бүртгүүлжээ. Гэхдээ нийтдээ 250 гаруй төлөөлөгч ирэх болов уу гэсэн тооцоо байгааг УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэллээ. Одоогоор гурван орны парламентын спикер, зургаан орны дэд спикер хүрэлцэн ирэхээр бүртгүүлсэн байна.
Энэ удаагийн уулзалтыг “АСЕМ-д Ази, Европын парламентын гишүүдийн үүрэг оролцоо” сэдвээр зохион байгуулах аж. Уулзалтаар улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хүрээн дэх парламентын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг голчлон хэлэлцэх юм байна.
АСЕМ-ын өмнө есөн уулзалтын эхлэл гэдэг утгаараа энэ удаагийнх нь томоохон ач холбогдолтой аж. Учир нь Ази, Европын уулзалтаас гарсан үр дүнг АСЕМ-ын үеэр танилцуулах юм.
Долоодугаар сард АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас өмнө дараах есөн арга хэмжээ болно.
Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт – Дөрөвдүгээр сарын 21-22
АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт - Тавдугаар сарын 12-13
АСЕМ-ын сангийн сайд нарын 12 дугаар уулзалт - Зургадугаар сарын 9-10
Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт – Зургадугаар сарын 20-21
Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт -Долдугаар сарын 1-2
АСЕМ-ын залуучуудын чуулган - Долдугаар сарын 6-7
Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт - Долдугаар сарын 9-10
АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт - Долдугаар сарын 12-14
Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт - Долдугаар сарын 13-14









