Ж.Болдбаатар: Магистр, докторантурт сурч байгаа нь ч цэрэгт явна
-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага маргааш эхэлнэ. Зарлан дуудах хуудас хэдэн хүнд очиж байгаа вэ?
-Нийслэлийн Засаг даргын 2014 оны 259 тоот захирамж гарч, Улаанбаатарын хэмжээнд энэ сарын 9, 10, 11-ний өдрүүдэд цэрэг татлагын ажил явуулахаар болсон. Энэ удаагийн цэрэг татлагыг есөн дүүргийн 152 хороон дээр зохион явуулна. Цэргийн зарланг засаг захиргаан анхан шатны нэгж болох хороодоороо дамжуулж хүргэж байгаа. Цэргийн насны 20 мянган залууд зарлан дуудан хуудас очдог. Үүний 50 орчим хувь нь оюутан гэдгээр чөлөөлөгддөг. Магистр, докторантурт сурч байгаа бол цэрэгт явна шүү гэдгийг хэлье. Иргэдэд цэрэг татлагын зарлан оччихсон.
-Цэргийн алба хаах ямар хэлбэрүүд байгаа вэ?
-Ер нь 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд цэргийн зарлан авч цэрэг татлагын товчоогоор ороод, хууль заасан үндэслэлийн дагуу цэрэгт явдаг. Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн албыг хаах тухай заасан байдаг. Үүнийг иргэн бүр биелүүлэх ёстой. Ер нь төрөөс цэргийн алба хаах сонголтуудыг гаргаж өгч байгаа. Хуучин цэргийн албыг биеэр л хаадаг ганц тогтолцоотой байсан. Ингээд шинэчлэлийн бодлогын хүрээнд сонголт бий болгосноор цэргийг дүйцүүлэх хэлбэрээр хааж болж байна. Мөнгөн дүнгээр болон гэрээт цэргийн хэлбэрээр хааж болно. Дүйцүүлэх албанд иргэн хүн өргөдлөө гаргаад, хороон даргаараа цохуулаад, тухайн дүүргийнх нь цэрэг татлагын товчоонд өгснийх нь дараа авах уу, үгүй юу гэдгийг товчоо шийднэ.
-Энэ жилээс "Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ тухай танилцуулбал?
-2014 оноос эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92, Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Энэтэй уялдуулаад Батлах хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар журмыг нь баталсан. Журамд энэхүү хөтөлбөрт их, дээд сургуулийн I курсийн хоёрдугаар хагаст суралцаж байгаа оюутнууд хамрагдана гэж заасан. Улаанбаатарт 79 их, дээд сургууль байна. Сарын өмнө гэхэд нийслэлийн хэмжээнд 450 хүн хүсэлтээ гаргаад сургалт нь явж байгаа. Тэд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл хоёр кредит цаг буюу 96 цаг онолын хичээл үзнэ. Үүнд нь Батлах хамгаалын их сургуулийн цэргийн багш нар хичээл заана. Зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл гүнзгийрүүлсэн шатны сургалт явуулна. Манайхан "карентин" гэхээр мэднэ. Ингээд "Оюутан цэрэг" хөтөлбөрөө нэг жилийн дотор дуусгана гэж ойлгох хэрэгтэй.
-Залуучуудын цэргийн алба хаах сонирхол нэмэгдэж байгаа гэсэн?
-Сүүлийн үед залуучуудын цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэл идэвхжиж байгаа. Сая би "Монгол цэргийн жавхаа" уралдааны шалгалтаар цэргийн ангиудаар явж байхад их, дээд сургууль төгссөн залуучууд олон байсан. Дээд боловсролтой хүмүүс цэрэгт явж байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт нь, үүргээ биелүүлчихье гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь, Төрийн албаны тухай хуультай холбоотойгоор цэрэгт явах хүний тоо нэмэгдсэн. "Оюутан цэрэг" хөтөлбөр ч Төрийн албаны тухай хуультай холбоотой. Яагаад гэхээр, оюутан 4-6 жил сургуульдаа сурдаг. Энэ хугацаандаа цэргийн алба хаачихаад төгсөөд шууд ажлын байранд очих боломжтой. Төр засгаас оюутнуудад анхаарсан бодлого санаачилж хэрэгжүүлсний нэг нь энэ.
-Цэргийн албыг энэ жил хэдэн төгрөгөөр дүйцүүлэн хааж байгаа вэ?
-Тухайн жилийн цэргийн нэг алба хаагчийн жилд хэрэглэх зардлын мөнгөн төлбөрийг тогтоодог. 2014 онд Засгийн газар цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн дүнгийн хэмжээг 4.3 сая төгрөгөөр тогтоосон. Энэ нь нэг цэргийг бэлтгэхэд, хооллож, байраар хангахад 4.3 сая төгрөгийн зардал гарч байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгийг 26 нас хүрсэн хүн төлдөг. Манайхан бол хүүхдээ 18 нас хүрэнгүүт нь шууд төлчихье гэдэг. Нийслэлийн хэмжээнд 2013 онд 1400 гаруй хүнээр 595 сая төгрөг төлүүлж төрийн санд хуримтлуулсан. Энэ жилийн хувьд гайгүй байгаа. Цэрэгт яваагүй л бол тэр хүн мөнгө төлөх ёстой гэсэн ойлголтыг иргэд авсан учраас хуулиа сайн биелүүлдэг.