Автомашины дугуй түгжих үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр хянан хэлэлцэнэ

Автомашины дугуй түгжих үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүх дээр 09.00 цагаас хянан хэлэлцэнэ.
С.Хуягсүрэн нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 591 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор ийнхүү хянан хэлэлцэнэ.
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дугуй түгжих үйл ажиллагааг түдгэлзүүлсэн юм.
Тодруулбал, “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасан бөгөөд энэ нь хууль бус учраас зогсоох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардсан.
Гэвч нийслэлийн удирдлагуудын зүгээс ШӨХТГ-т ийм эрх байхгүй гэдгийг мэдээлж, улмаар ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын тэргүүлэгчдийг шүүхэд өгч байсан билээ.
Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн есдүгээр сард хууль бус захирамжаа хүчингүй болгож, шүүхэд тайлбараа ирүүлж, энэ ажиллагааг зогсоохыг хүссэн юм.









