Хоёр иргэн осгож амиа алджээ

Байгалийн гамшгийн улмаас Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас баржээ.
Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ.
Монгол орны ихэнх нутгийг хамарсан их цас, хүчтэй шуурганы улмаас Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.
Тэгвэл 2016 оны гуравдугаар сарын 05 буюу өнөөдөр өглөөний 09.00 цагаас улсын болон орон нутгийн чанартай зам, давааг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, Зам тээврийн яамны сайдын шийдвэрээр бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан нь иргэдийн амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ боллоо.
Их цас, цасан шуурганы үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах, цасанд суусан, цасанд боогдсон, цасанд саатсан автомашин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласнаар олон хүний амь насыг авран хамгааллаа.
Мөн улсын болоод орон нутгийн чанартай зам давааг нээж онгойлох ажилд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид болон орон нутгийн зам арчлалтын компаниуд болон нутгийн захиргааны байгууллагууд иргэдтэй хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ









