Өнөөдөр ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР

Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын “төрсөн өдөр” тохиодог билээ. Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.
Олон арван эх оронч зүрх сэтгэлтэй хөвгүүдийн сэтгэл, зүтгэл, бодлого үйл ажиллагааны үр дүнд бид өнгөрсөн зууны хүндхэн цаг үед тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан ард түмэн билээ бид. Тусгаар тогтнолын баталгаа бол эх орон, ард түмэн. Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монгол хүмүүн та Монгол орны тусгаар тогтнолын баталгаа, эх орны иргэн билээ.
Эх оронч байна гэдэг зүгээр л эх орондоо хайртай хэмээн гэж магтан дуулах, тунхаглан зарлах төдий асуудал биш. Хүн бүр өөр өөрийн хйиж байгаа ажилдаа эзэн байх нь эх оронч хүний эхний шинж. Үүх түүх, удам судар, эцэг өвгөдийн баатарлаг үйлсийн талаарх мэдлэгт суралцах нь эх оронч хүний мэдэх ёстой тэр зүйл мөн. Эх орон маань таниас, надаас, ширхэг чулуунаас, атга шорооноос эхлэдэг.
Дэлхийн 200 гаруй улсын нэр болох тусгаар Монгол улсын иргэн танд Эх орончдын өдрийн баярын мэндийг хүргэе.









