“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр "Нээлттэй нийгэм форум”, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос хамтран "Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ганбаатар, Шүүхийн захиргааны удирдлагын газрын ахлах референт С.Энхбаяр нарын төлөөлөл оролцлоо.
Шүүгчийн хараат бус байдлын баталгаа, Шүүхийн тогтолцоо, захиргааны шинэтгэл гэсэн 2 үндсэн сэдвээс бүрдсэн тус хэлэлцүүлгийн эхэнд "Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” сэдвээр доктор, дэд профессор О.Мөнхсайхан, "Шүүгчийн томилгоо хараат бус байдлын баталгаа болох нь” сэдвээр "Оюуны инноваци” ТББ-ын судлаач П.Баттулга, "Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт” сэдвээр Хуульч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал П.Цэцгээ, "Шүүхийн тойргийн тогтолцооны кейс судалгаа” сэдвээр ХЗҮХ-ийн судлаач Ж.Бариаширсүрэн, "Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал” сэдвээр МУИС-ын ХЗС-ийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж харилцан ярилцлаа.
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б. Гүнбилэг "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх, хуулийн байгууллагын талаарх хэлэлцүүлэг, мэдээллийг бүрэн цацахгүй, эсвэл гажуудуулдаг, олон сонин, телевизүүд ирж зураг авсан хэрнээ телевизийн эфирээр цацахгүй байгаа нь олон түмэнд мэдээлэл хүргэх үүргээ хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид гүйцэтгэхгүй байна. Сэтгүүлчдийг ямар нэгэн байдлаар цензурддэг нь эндээс харагдаж байгааг анхааруулъя” гэж онцлон хэллээ.
Энэ үеэр олон жил шүүгч,өмгөөлөгчөөр ажилласан ахмад хуульч Ц.Дашзэвэг шүүгч хүн маш хүнлэг, шударга, ноён нуруутай байх ёстой. Ийм болзол хангасан хуульчийг сонгох хэрэгтэй. Бүх хуульч, ялангуяа өмгөөлөгч нарыг анхааралдаа авч ажиллаарай гэв.
Хэлэлцүүлэгт Шүүхийн тамгын газрын төлөөлөл, Тахарын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, шүүгчид, хуульч эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 70 орчим хүн оролцож, бүтэн өдрийн турш шүүхийн шинэтгэлд анхаарал хандуулан хэлэлцлээ. Хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн шүүгчид шүүхийн шинэтгэлийн ололт дэвшил, үр дүнг өөр өөрсдийн шүүхүүд дээр хэрхэн бодитой хэрэгжиж байгааг ярьж, хэлэлцүүлгийн хүрээнд тавигдсан илтгэлийн сэдэв тус бүрээр санал шүүмж өрнүүлсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа " Шүүхийн шинэтгэлийг үнэлэх нь хэлэлцүүлэг цагаа олсон, үр дүнтэй ажил болж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд анхаарал татсан, ач холбогдол бүхий олон санал санаачлагууд яригдлаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа "Нээлттэй нийгэм форум”, Монголын хуульчдын холбоонд талархал илэрхийлье. Хэлэлцүүлгийн санаачлагуудыг шүүхийн шинэтгэлийн ажилд нухацтай авч үзэж, ажил хэрэгчээр хэрэгжүүлэх болно” хэмээн хэлэлцүүлгийн үр дүнг үнэллээ.









