МЗХ-ны салбар нэгжүүдийн нэгдсэн хурал болж байна
МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг салбар нэгжүүдийн нэгдсэн хурал өнөөдөр болж байна. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо холбоодын тэргүүнүүд оролцож 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2016 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, салбар бүрийн залуучуудын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн хурал шинэ бүтэц, дүрэмтэй болсноос хойшхи анхны хурал болж байна. 2016 он хариуцлагатай сонголтын жил учраас энэ хурал ч мөн хариуцлагатай үр дүнтэй байх ёстой” хэмээн онцоллоо.
“Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөн, Спирт уу? Спорт уу? аян сум баг бүрт давалгаалж байгаа бөгөөд үүнээс гадна залуусынхаа хөгжих, суралцах боломжийг олгосон олон талт үйл ажиллагаа явуулж байгааг дуулгалаа. Тухайлбал, Хэнтий аймгийн залуучуудын холбоо орон нутгийн хэмжээнд анх удаа “Шилдэг гэр бүл - Шинэ байр” реалити шоу зохион байгуулсан бөгөөд одоогоор 5 гэр бүл шинэ байрандаа орсон бол Дундговь аймгийн залуус Зөв зүйлээрээ нэгдэн нийлж, спиртлэг биш спортлог нөхөрлөлийг дэмжсэн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймгийн залуус зориулалтын хөлбөмбөгийн талбайтай болж чаджээ.
Мөн МЗХ-оос хэрэгжүүлж буй “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд орон нутгийн иргэд идэвхтэй оролцож, цаашид үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн байна.
Ийнхүү МЗХ-ны салбар салбарын залуус нэг өдөр чуулж, өнгөрсөн оны үйл ажилагаа, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж байна.
Өнөөдөр буюу 2016.02.29-ний 11 цагт МЗХ-ны Залуус танхимд “Шилдэг салбар шалгаруулах ёслолын ажиллагаа болох юм байна.









