Хүнсний ногооны 50 хувийг дотоодоосоо хангана
Ирэх намраас нийслэлчүүдийн хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг дотоодоосоо хангадаг болно. Төв аймгийн Баянчандмань сумын 1900 га талбайд Чандмань агропаркийг ХААИС, Монголын үйлдвэржилт, хөгжлийн төв, орон нутаг хамтран байгуулахаар болоод байна. Эхний ээлжинд 20 га талбайд нь жилийн турш тасралтгүй ажиллах хүнсний ногооны 60 хүлэмжийг барихаар төлөвлөжээ.
Манай хөрсөнд олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг улирал харгалзахгүй, өвөл ч тарьж ургуулсан болно. Чингис бондоос 80 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан "Асралт" компани 200м2 талбайд гүзээлзгэнэ тарьж байна. Тэд жилийн дөрвөн улирал ургац авдаг.
Яг үүн шиг бид жимс, жимсгэнэ, хүнсний ногоогоо өөрсдөө их хэмжээгээр тарих боломж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн иж бүрэн "Чандмань" агропарк төсөл хэрэгжсэнээр нийслэлчүүд эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, хүнсний олон төрлийн ногоог хэрэглэх боломжтой болно, бас боломжийн үнээр авна. Учир нь 60 хүлэмжийг байгуулахад оролцох аж ахуйн нэгж, иргэд дэд бүтцээ хамтарч шийдэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн иж бүрэн Чандмань агропарк төслийг хэрэгжүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай. Санхүүжилтийг Аж үйлдвэрийн яам шийдэж, ЖДҮ-ийг дэмжих газрын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар болсон байна. Харин "Чандмань агропарк"-т үйл ажиллагаа явуулж, жимс, жимсгэнэ хүнсний ногоо тариалах сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүн 15-30 хувийн санхүүжилтээ өөрсдөө гаргахаар зохицуулалт хийх юм байна.
Манай улс урд хөршөөс жилдээ 18-20 сая доллараар хүнсний ногоо худалдан авдаг судалгаа байна. Тэгвэл Төв аймгийн Баянчандмань суманд Чандмань агропарк байгуулагдснаар энэ их мөнгөний 20-40 хувь нь монголдоо үлдэнэ. Бас иргэд импортоор орж ирэх гэж багадаа л 7 хонодог хүнсний ногоог бус хүлэмжээс өдөрт нь тээвэрлэж ирэх шинэхэн ногоог хэрэглэнэ гээд олон давуу тал бий болох юм байна.
Өнөөдрийг хүртэл бид хүнсний ногооныхоо 80 гаруй хувийг урд хөршөөсөө авч байгаа юм. Чандмань агропарк төслийн хүлэмжийн аж ахуй дээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд олон байна. Тиймээс ирэх намар гэхэд бид өдөр бүр шинэ жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх боломжтой болохоор байна.









