“Дүнжингарав-2016” уралдааныг зөвшөөрсөн байна

Төвийн бүсийн хаврын уралдаан буюу “Дүнжингарав-2016”-г энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Харин Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан билээ.
Тэгвэл аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ өөрчилсөн. Тэрээр “Өмнө нь хориглосон захирамж гаргасан нь үнэн. Гэвч нэгдүгээрт Засгийн газрын шийдвэр, миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй. Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээж байгаа. Хүүхдүүдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, тэднийг болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон” хэмээн тайлбарлажээ.









