“Хулгайчгүй Монгол - бидний мөрөөдөл” сэдэвт илтгэлийн уралдаан зарлажээ

Монголын Залуучуудын Холбооноос өрнүүлж буй “ХУЛГАЙЧГҮЙ МОНГОЛ” үндэсний чөлөөлөх хөдөлгөөний хүрээнд ахлах ангийн сурагчид болон, оюутан залуусын дунд уран илтгэлийн тэмцээн зарлажээ.
Эх орны хөгжил, үнэт зүйл, хойч үеэ уландаа гишгэлж эх орон, газар нутгаа худалдахад ч бэлэн болсон хулгайчдын хар үйл явдлуудыг эргэн сануулах, ирээдүй хойч болсон залуус ямар ирээдүйг хүсч байгааг таниулах зорилготой уг тэмцээн “Хулгайчгүй Монгол - бидний мөрөөдөл” сэдвээр явагдах гэнэ.
Тэмцээн 3 үе шаттай явагдах ба эхний шатанд бүх оролцогч илтгэлээ хэлэлцүүлж 2-р шатанд орох эрхээ авах бөгөөд үүний дараа хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид тусгай бэлтгэсэн сэдвийн дагуу илтгэлээ тавих аж. Сүүлийн шатанд шүүгчдийн бэлтгэсэн сэдвийн дагуу илтгэж нийлбэр оноогоор тэргүүн, дэд, гутгаар байрын эзэд тодрох юм байна.
Энэхүү тэмцээнийг Монголын Залуучуудын Холбоо, Хулгайчгүй Монгол үндэсний чөлөөлөх хөдөлгөөн, Залуу илтгэгч клуб хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл 2016.02.24-2016.03.08-ны хооронд Монголын Залуучуудын Холбооны 103 тоотод явагдах аж.









