“Монгол Тэмээ-999” өвлийн наадам болно

“Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах ба Монголын Залуучуудын Холбоо хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар болсон байна.
Тэгвэл өнөөдөр Тэмээн соёл уралдааны холбоо, МЗХ-ны дэргэдэх аялал жуулчлалын төвөөс уг арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Өмнөговь аймгийн аялал жуулчлалын холбоо, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран , Тэмээн сүргээ хайрлан хамгаалах, ач холбогдлыг нь олон нийтэд таниулах зорилготой энэ арга хэмжээ нь 1996 онд анх Сэврэй суманд болж байсан түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 19 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх мянган тэмээ уралдуулах болсноороо онцлогтой аж.
Түүнчлэн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын аяллыг зохион байгуулах аж. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн маршрутаар нийт 1,000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох гэнэ. Уг аяллын хөтөлбөрт торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж сонирхох арга хэмжээнүүд багтсан бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн хураамж зэргийг бүгдийг багтаан нэг хүний 111,000 төгрөгөөр аялуулах юм байна.
Монголын нүүдлийн уламжлалт аж ахуйн нэг тэмээний аж ахуй нь нэгдэл хөдөлгөөн задарснаас хойш тоо тоо толгой асар их буурч 850,000 байсан тэмээн сүрэг 1990 –ээд оны дунд үед улсын хэмжээнд 92,000 болтлоо цөөрсөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 367,000 , Өмнөговь аймагт 118,560 тоо толгойд хүрчээ.









