Анхны “Алтан дүрмийн эзэд” гуравдугаар сарын 6-нд тодорно

МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийн шагналыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл шинээр бий болголоо.
Энэ шагналыг сэтгүүл зүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгодгоороо онцлогтой. Ингэхдээ Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайт гэсэн гурван төрлөөс жил бүр шалгаруулж “Алтан дүрмийн эзэн” шагналаар урамшуулах аж.
МСНЭ-ийн Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамцын нэрэмжит шагналуудтай зэрэгцэн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит шагнал ийн шинээр төрлөө. Анхны “Алтан дүрмийн эзэд”-ийг гуравдугаар сарын 6-нд тохиох Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойгоор тодруулан шагнал гардуулах юм.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг өчигдөр байгуулсан бөгөөд уг гэрээнд 95 жилийн түүхтэй мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг болон хэвлэл мэдээллийн салбарын төв байгууллага МСНЭ олон жилийн хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн, хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон асуудлыг тусгажээ.
МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг “МОНЦАМЭ агентлаг 1921 онд “Монголчуудын бослого” мэдээг анх хилийн чанадад түгээж байсан. Үүнээс хойш өнөөг хүртэл гадаад, дотоодод өрнөж буй үйл явдлыг товч, оновчтой мэдээгээр шуурхай түгээн ажиллаж ирсэн. Манай агентлагийн үндсэн бүтээгдэхүүн бол мэдээ. Тийм ч учраас сэтгүүл зүйн шилдэг бүтээл “мэдээний сурвалжлагч”-ийг онцлон агентлагийн нэрэмжит шагналаа олгох болж буйд баяртай байна. Цаашид МСНЭ МОНЦАМЭ агентлаг хамтран мэдээний стандартыг тогтоох "Алтан дүрэм"-ийг гаргахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.









