Газ өсвөр үеийнхний үхлийн шалтгаан болж байна

2016 оны 2 сарын 18

Ахуйн хэрэглээний газыг тааралдсан дэлгүүрээс талх шиг авдаг болоод удаж буй. Тэр хэрээр монголчууд ажлаа хялбарчилж, алжаалаа тайлж амарч зугаалахдаа газыг гараасаа салгахгүй шахам хэрэглэсээр байгаа. Тэгвэл эцэг эхчүүдийн энэ “нөхөрлөл” эргээд хүүхдүүдийн сониуч занг буруу зүйл рүү эргүүлж байгааг анхаарах цаг болжээ.

Хөдөөний айлууд газаар галаа өрдөж, хотынхон шүүгээндээ хэд хэдээр нь хадгалсаар байна. Үүний гороор сурагчид хэсэг бүлгээрээ орц хонгилд газ үнэрлэж байгаад цагдаад баригдаж , эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол сүүлийн үед өдөр алгасахгүй гарах болов.

Манайхан гарт баригдаж, нүдэнд харагдахаар гэм хор учруулахгүй л бол тоодоггүй . Тэгвэл пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг газыг амьсгалснаар сэтгэл хэт хөөрөх, нойрмог болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой саатах нөлөөтэй юм байна.

Энэ нь донтох шалтгаан болдог төдийгүй залгиур хоолой руу орсноор үхэлд хүргэх аюултай аж. Газанд мансуурсан хэрэг саяхан гарсан юм биш. 2009 оноос хойш ийм хэрэг эрчимтэй бүртгэгдэж, хэдэн арав нь амиа алджээ. Чухам хэр олон хүүхэд мансуурсныг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад нэгдсэн тоо алга.

Эх нялхсын эрүүл мэндийн төв ч тусгайлан бүртгэдэггүй юм байна. Ийнхүү газ өсвөр үеийнхний үхлийн шалтгаан болж байгаа нь эцэг эхчүүд ч, эрх бүхий байгууллагууд ч энэ асуудлыг цэгцлэх цаг болсныг сануулж байна.

Тухайлбал , өсвөр насны хөвгүүд газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан хэрэг уржигдархан гарлаа. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн 17 настай хүү “Safe butane” газ үнэрлэж нас барсныг цагдаагийнхан тогтоосон байна. Т

оодоггүй л болохоос биш газны аюул түгшүүр зарлаж, харанга дэлдэж эхэлсний илрэл энэ. Цэцэг цэв рүү шиг үрсээ цаг бусаар алдахгүйн тулд эцэг эхчүүд ахуйн газны хэрэглээгээ анхаарахгүй бол болохгүй нь.

Ядаж газыг хүүхдийн нүднээс далд хадгалж, ашиглаж хэвшье. Мөн худалдааны төв, дэлгүүрүүд ашиг бодсон аминч үзлээ хойш тавьж 21 насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа , тамхи , газ худалдаалахгүй байх үүргээ биелүүлцгээе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29027
0 эможи
keyboard_arrow_up