Д.Нацагдорж: Энэ жил эв түнжинг эрхэмлэх юм бол сайхан цаг ирнэ

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн өнгө төрх ямар байх талаар “Манба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдоржтой ярилцаа.
-Айлчлан ирж буй Гал бичин жилийг хатуухан зуд зурхантай жил болно гэж эмээгээд байгаа. Таны зурхайд энэ жил ямар төлөвтэй байна вэ?
-Энэ жил Гал бичин жил морилон ирж байна. Аливаа нэг жилийг бэлэг дэмбэрэлээр тосон хүлээж авах ёстой. Сайн санаагаар хүлээж авах юм бол үр дүн сайнаар л гарна. Гэхдээ нэгэнт байгалийн гамшиг үзэгдэл, байгаль дэлхийтэй холбоотой зүйлсүүд байгаа учраас энэ жилийн хувьд хаврын дунд, сүүл сар руугаа хүйтэн жихүүн, салхи шуургатай байх төлөвтэй. Зуны сардаа ч зарим газруудаар хур тунадас муутай жил байна.
-Ган зуд болох жил юм байна гэж ойлгож болох уу?
-Яг ч тэгж хэлж болохгүй юмаа. Гэхдээ малчид, хадлан тариаланчдын тухайд анхааралтай байх жил. Өөрийнхөө байгаа газар орныг тахиж, лам нараар ном уншуулж сөрөг юмыг нь эерэг болгох шаардлагатай. Тэгэх юм бол ач буян нь ирнэ. Ган зуд болно гэж төсөөлөхгүй бүхнийг сайхан бэлэг дэмбэрлээр эхлүүлье.
-Улстөрийн хүрээнд болон ард түмний хувьд хэрхэн жил болох бол. Өнөө жил улстөрийн сонгууль угтсан жил болж байна?
-Улс төрийн хүрээнд жаахан эв түнжингүй таарамжгүй байдал харагдаж байгаа жил. Гэхдээ олны төлөө тусын тулд явах нэгэн байгаа бол бодьсадвагийн явдал замналаар явах хэрэгтэй. Тэгэх юм бол бодьсадва хүнтэй хэл ам, хэрүүл шуугиан хийдэггүй, муу санаа өвөрлөж, муухай үйл хийдэггүй, хорлолтой хомхой сэтгэл үүсгэдэггүй, хулгай хийж, хулгай хийдэггүй, ширүүн үг яриадаггүй, амьтны амь таслахыг тэвчиж, буруу үйл хийхээс зугтаадаг. Үйлийн үр байхгүй гэж ойлголдог нөхдүүд юу ч хийж магадгүй тийм айхтар цаг ирсэн. Гэтэл энэ төр удирдаж байгаа нөхдүүд өөрсдийгөө бүгд элит гэж ойлгоод байгаа нь эндүүрэл юмаа. Элит байхын тулд хангасан хамгийн эхний үйлдэл бол арван хар нүглийг тэвчсэн байх, арван хар нүглээ судалчих, амьтны тусыг хийж УИХ-д гарч ирэх гэж байгаа бол бодьсадвагийн явдлыг судлаад тэр замаар яваарай. Тэгэх юм бол ард түмэн хүндэлнэ, хайрлана, та бол нүгэл хилэнцгүй, буянлаг бусдын тулд ачааны хүндийг үүрдэг нэгэн болно. Амьтан болгоныг зовлонгоос хагаслуулж, жаргалд хүргэхийн төлөө явах хэрэгтэй дээ. Өөрийн өөрийгөө үйлийн үрийн толинд сайтар хар.
Гэхдээ энэ жил төр засаг болон ард түмний ажлыг хийх үүрэгтэй зүтгэж яваа хүмүүсийн тухайд заримдаа эв түнжин хямарсан байдал ажиглагдаж байгаа. Тэгэхээр эрдэнэт хүмүүний төрлийг олж төрчихөөд хэн нэгэнтэйгээ сөргөөлдөж, муулж, нүглийн юм яриад суух хэрэггүй. Үүнийгээ засахын тулд өөрсдийнхөө эв түнжинг эрхэмлэ. Эв түнжинг эрхэмлэх юм бол сайхан цаг ирнэ.
-Хотондоо ээлтэй хонь жил хэрхэн үр өгөөжтэй, ивээлтэй жил болж өнгөрөв?
-Би аливаа юмыг сайнаар бодож, сайхнаар жаргаадаг хүн. Хонин жил бол Монголчуудын хувьд үр өгөөжөө өгсөн сайхан жил байсан гэж бодож байна. Залхуу хойрго хүмүүст зөвхөн хонин жил гэлтгүй дараа дараачийн жил хэцүү байхыг үгүйсгэхгүй юмаа. Тийм учраас өөрсдөө ажилсаг, зан чанараа өөрчлөх, итгэл зүтгэлтэй байж сайжирна. Түүнээс олон юмнаас шалтгаан тоочоод суух буруу зүйл шүү.
-Ирж буй гал бичин жилийг “Муу нүүрт” гэж нэрлэсэн нь ямар учиртай юм болоо?
-Жил болгон өөр өөрийн нэртэй. “Муур нүүрт” гэдэг талаас нь муугаар бодож айж эмээж болохгүй ээ. Орчлонгийн жамыг дагахаас өөр аргагүй. Харин ч энэ жил дээр хүн өөрөө хичээгээд зүтгэлтэй байх юм бол эд агуурс буух нигуур байгаа. Хүн хичээж зүтгээд, сул талаа арилгаж, нүгэл хилэнцийг арилгая гэвэл арилах тал байгаа. Байгалийн эрхшээлд байдаг учраас лус савдаг, газар ус, хүмүүний амьдралд нөлөөдөг 360 ад, 1080 гэв тотгор тэргүүтэн олон муу сөрөг үр дагаврыг гаргадаг хүчин зүйлүүд бий. Тэр хүчин зүйлүүдийг хамгаалдаг зан заншил, хүчин зүйлд өөрсдөө суралцах хэрэгтэй. Тэгж байж муу бүхнээс аврагдаж, сайн үйлсийг бүтээнэ. Бэлэг дэмбэрлээр л шинийн 1-нээ эхлүүлэх хэрэгтэй дээ. Монгол хүн байна, эх орныхоо хамаг амьтны сайн сайхны төлөө зөв сэтгэл үүсгэчих хэрэгтэй шүү.
-Нялх, идэр залуус, хөгшидөд хэр ээл ивээлтэй жил болох уу. Онцгойлон засал ном хийлгэх ямар жил устай хүмүүс байна вэ?
-Энэ жил ивээлтэй гайгүй жил гарна даа. Ер нь жилийн тухайд, Дашзэвгэ, Найман гэгээ, Жанаггагдаг, Нансаа нанжид, Алтангэрэлийн даллага, Цэнд-Аюуш, Ногоон дарь эх, Цагааншүхэрт зэрэг номоо уншуулсан байхад жилийн олон сөрөг үр дагаврыг хааж, аварна. Жилийн өнгө бол сайн муу хоёр талтай. Өөрсдөө цаг тооны бичиг, зурхайчдаас асуугаад заслаа хийлгэчих хэрэгтэй. Мэнгэ голлож, жил орж байгаа хүмүүс заслаа хийлгэнэ. Шинэ төрж байгаа нялхаст ном уншуулах, бар жилтэй хүмүүс Дүнсэрийн заслаа хийлгэх, гахай, туулай жилтнүүд засал хийлгэх хэрэгтэй байна. 9, 21, 33, 45, 57, 69, 81-ний хулгана жилтнүүдэд гүүмэг таарсан жил. Тэрийгээ засуулах хэрэгтэй. Яс хугарахын үүд хэмээх зурхайн хэмнэл таарсан хүмүүс өөрийсдийгөө хараад заслаа сайн хийх. Түүнчлэн төмөр суудал дээр суусан хүмүүс анхааралтай байгаарай. Хулгай, осол аваар, мэс, гэмтэл гардаг тул засуулаарай. Нас түрсэм таарсан хүмүүс заслаа хийлгээрэй гэж хэлье.
-Ард түмний дунд Шинийн 15-ндаа багтаж даллага авч, засал номоо хийлгэх ёстой гэсэн ойлголт бий. Тийм ч учраас эхний 15 хоногт гандан хийд гэж хөл гишгих зайгүй сүсэгтэн олонд дарагддаг. Заавал 15-ндаа багтах ёстой юу?
-Та нар буруу ойлголтоо засах хэрэгтэй дээ. Шинийн 15-нд засал номоо хийлгэж, хүний хийсэн буян үржиж арвижих цаг хугацаа байгаа. Ном буяны хүч хурж байдаг учраас хүмүүс хугацаандаа амжих гэж адгуу тэвдүү явдаг. Хэрвээ хугацаандаа амжаагүй бол дараа засал номоо хийлгэж болно. Хүний өөрийнх нь сүсэг бишрэл мэдэх асуудал даа. Заавал шинийн 15 гэж заасан хугацаа байхгүй ээ.
-Энэ жил хүмүүст өглөг сайн өгч, гарын алгыг нь сайн дээш харуулах юм бол 60 жилээ даах сайн жил ирж байгаа гээд иргэд яриад байх юм. Энэ хэр бодитой үнэн бэ?
-Хэн ч гэсэн эрдэнэт хүмүүний төрлийг олж хүн төрлөхтөн дунд амьдарч яваа энэ цаг үед хүмүүний төрөлд өглөг өгч, өглөгийг үйлдэх ёстой. Тийм учраас энэ жил өглөг өгөөд зогсох биш, байнга үйлдэж байгаарай. Өглөгөө хүнд өгч байна гэж баясаж, сайхнаар бодож хийх нь зөв. Эдийн, номын, аюулгүйн өглөг гэж бий. Хүнд сайн санаж, өглөг буян өгөхөөс илүү зүйл гэж хаана ч байхгүй дээ.
-Монголын үндэсний бахархал болсон цагаан сарыг залуу гэр бүл тэмдэглэдэггүй. Ядаж жилийн өнгөө бодож, шиний 1-ний өглөө зүг мөрөө гаргаж, идээ будаагаа хангай дэлхийдээ өргөж, гэртээ идээ будаагаа өрж, засах ёсоо мэддэггүй нь харамсалтай. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэсэн ойлголттой байдаг даа?
-Үндэсний том баяраа бахархалтай тэмдэглэж сурах хэрэгтэй шүү. Залуу хүмүүс хэдхэн жилийн дараа одоо хүндлүүлээд очиж золгоод байгаа хүмүүсийн суудал дээр очих нь тодорхой. Гэтэл ёсоо мэдэхгүй байвал өөрөө л ичгэвтэр байдалд орно. Ёс заншлаа мартсан, мэдэхгүй байна гэдэг том соёлоосоо хоцорч байгаа тод жишээ. Аливаа ямар нэгэн жилийг сэтгэлийнхээ их буянаар эхлүүлэх хэрэгтэй дээ.Тиймээс ч би энэ жилийг сайхан жил болно гэдэгт бат итгэлтэй байгаа. Яагаад гэвэл буян боддог улс олон байгаа. Шинийн 1-ний өглөө бүгд бэлэг дэмбэрэлтэй ерөөлийн сайхан үгсээ хэлэлцэж, гэр орондоо лам хувраг залж ном айлдуулж байдаг нь сайхан хэрэг. Хийлгэсэн буян номоор жилийн муу муухай бүхэн арилдаг юм.
-Зүг мөрөө гаргаагүй тохиолдолд тэр жилдээ хийморь доройтож, өвчин зовлонд ээрэгдэж муу үйл үзнэ гэсэн ойлголт байдаг уу?
-Хувь хүнийхээ хувьд тэр жилдээ сайхан өнгөтэй өөдрөг явъя гэвэл шинийн нэгний өглөө зүг мөрөө сайхан гаргачих хэрэгтэй дээ. Муу явъя гэж бодож байгаа хүн бол зүг мөрөө гаргахгүй л байхгүй юу даа. Хамгаалалт хийж, сахиус зүүж тарни уншиж явбал муу зүйл учрахгүй дээ. Рашаан хүртэж, арцаар өөрийгөө ариулчихсан явахад ч ад зэтгэр чамайг хорлохгүй дээ.
-Цагаан сараар цээрлэх ёсон гэж бий. Хамгийн түрүүнд юуг цээрлэх ёстой вэ?
-Муу үйлийг тэвч, сайн үйлийг хийж сайхан сэтгэл төрүүлж шинэ оноо эхлүүл. Анхны сэтгэл гэж чухал шүү. Хүнд төрж байгаа анхны сэтгэгдэл гэдэг дандаа чухал. Жишээлбэл, бид өглөө босоод ажилдаа ирэхдээ сайхан энерги үүсгээд ирэх юм бол тэр өдөртөө хүчин төгөлдөр байна. Өглөөг яаж эхлүүлснээс өдрийн үйл явдал өрнөнө дөө. Нөгөө талаараа бид энэ жилийг яаж эхлүүлсэн яг тэр замаараа л явна даа. Анхны үүсгэж байгаа бодол санаа чухал шүү. Бид нар сэтгэлээр үйлдэл хийж байгаа, түүний үр дагавар гарна.
-Шинийн нэгний өглөө иргэд ургахын улаан нарыг харна гэж ач холбогдол өгч, хошуурдаг болжээ. Энэ зөв үү?
-Бурхан Гончигсүмээс илүү хүчтэй зүйл байхгүй дээ. Гариг эрхэсийн нөлөөлөл хүнд сайн муугаар нөлөөлөх бол, бурхан хүнд муугаар нөлөөлдөггүй юмаа.









