Хуульд нийцсэн шийдвэр байх ёстой гэж хуульчид уриалга гаргалаа
УИХ-ын чуулганы баасан гаригын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/ хэлэлцэхтэй холбогдуулан өчигдөр Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн бол өнөөдөр хуульчид энэ асуудлаар хэлэлцүүлэг хийж, УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасан байна.
“Эв монгол хөдөлгөөн”-өөс санаачлан зохион байгуулсанҮндсэн хуулийн Цэцтэй холбоотой хууль, эрх зүйн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцсон хуульчид Үндсэн хуулийн цэцийн даргыг байтугай, гишүүдийг нь бүгдийг нь чөлөөлж болно. Гагцхүү энэ шийдвэр нь хуульд нийцсэн байх ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
Хуульч Д.Миеэгомбо:
"Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын Дээд шүүхээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Баталгаа нь Үндсэн хууль. Гэтэл УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ердийн хууль буюу Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд байгаа Цэцийн статусыг өөрчлөөд явж байгаа процесс нь Цэцийн бүрэн эрхт байдлын баталгааг алдагдуулсан. УИХ Үндсэн хуульд заасан хэм, хэмжээг өөрсдийнхөө дураар өргөтгөөгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан” гэлээ.
Хуульч О.Алтангэрэл:
“Цэцийн даргыг байтугай, цэцийн бүх гишүүдийг чөлөөлж болно. Хуулиараа энэ боломж нь нээлттэй. Гагцхүү энэ процесс нь хуульд нийцэх. УИХ нь ард түмний мандатыг авчхаад дараа нь хуулиа гишгээд байж болохгүй. Сонин юм дуулдаж байгаа, Эвслийн бүлэг нь Үндсэн хуулийн цэцэд нэг гишүүн томилуулах юм гэнэ л ээ гэж... Цэц хэн нэг албан тушаалыг хуваарилж авдаг газар биш. Цэц бол Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчиж үү гэдгийг хянадаг ганц газар. Энд тэрний хүн, энэний хүн гэдэг ойлголт байхгүй. Манайхан институцийг хүнээр төлөөлүүлж ойлгодог буруу жишиг тогтлоо. Хүндээ асуудал нь биш. Нөгөө талдаа Үндсэн хуулийн цэц нь хууль зөрчсөн эсэхийг УИХ тогтоодоггүй. Гагцхүү шүүх л хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. Улсын Дээд шүүхээс ирүүлсэн бичигт “Та ингэж асуужээ, энэ талаар саналгүй байна” гэсэн тайлбар л бий” гэв.
Харин Хан-Уул дүүргийн нотариатч С.Цэнд “Улсын Дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, дараа нь Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэх ёстой байсан” гэсэн юм.
Ийнхүү хуульчид Үндсэн хуулийн цэц, УИХ-тай холбогдох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсний дүнд УИХ-ын гишүүдэд хандан дараах уриалгыг гаргасан юм.
Хуульчид уриалга гаргалаа
Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна.
Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө.
Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.
Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ёсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм.
Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ёсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна.
Үндсэн хуулиа дээдлэн сахигтун!
ХУУЛЬЧ:
Г.БАЯРХҮҮ Ц.МОНГОЛ О.АЛТАНГЭРЭЛ Д.МИЕЭГОМБО
Б.ЭНХБАЯР Б.ЦОЛМОН Ч.АМГАЛАНБАЯР Ч.ЖАДАМБА
Г.БАТБАЯР Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ Н.ЭРДЭНЭБИЛЭГ Б.ОЮУНТУУЛ
Г.УУГАНБАЯР Б.ОЮУ Г.ТЭГШЭЭ Р.МӨНХЗУЛ С.ЦЭНД Н.СЭРСЭНДЭМИД Т.ТӨМӨРБААТАР С.БАЯНМӨНХ Г.ЦЭРЭННЯМ М.ДОЛГОРСҮРЭН Ц.ЖАРГАЛ И.ЧИМИДБАДАМ
В.ОЮУН-ЭРДЭНЭ Б.ӨЛЗИЙСАЙХАН В.ЕСӨНТӨМӨР









