Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2 буюу өдгөөгөөс 123 жилийн өмнөх энэ өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.
1913 оны 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ.









