Авто замын инженерүүдийн шилдэг илтгэлийн эзэд тодорлоо

“Үйлсийн зам” компанийн уламжлал болгон зохион байгуулдаг Монголын авто замын салбарын инженер, техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах уралдаан өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө.
Энэхүү уралдааныг “Үйлсийн зам” компани Монгол Улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замыг судлах хүрээнд авто замын салбарт ажилладаг инженер, техникийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэм болон салбарынхаа оролцох оролцоог сайжруулах, орчин үеийн техник технологийн шийдлийг өөрийн байгууллага болон салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
Илтгэлийн уралдаанд ЗТЯ-ны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ЗТЯ-ны сайдын зөвлөх Н.Батсуурь, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, “Үйлсийн зам” компанийн ерөнхий захирал Д.Энхбаатар нар оролцсон юм. Тус уралдааныг нээж, ЗТЯ-ны АЗТБЗХГ-ын дарга Д.Доржханд “Одоогоос гурван жилийн өмнө “Үйлсийн зам” компани анх санаачлан инженер, техникийн ажилчдын шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулж эхэлсэн.
Энэ жил зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригтын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Мөн зам тээврийн яам, монголын авто замчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Жил ирэх тусам уралдаанд ирүүлж байгаа илтгэлүүд чанаржиж байна. Бүх оролцогчиддоо амжилт хүсье” гэв.
Зам тээврийн сайд М.Зоригтын нэрэмжит болгон зохион байгуулж буй уг илтгэлийн тэмцээнд 14 илтгэл хэлэлцэгдсэн. Тухайлбал, “Шилэн нийлэг арматураар төмөр арматур орлох технолгоги”, “Битумын чанарыг сайжруулах судалгааны дүн”, “Авто замын барилга угсралт, үйлдвэрийн талбарт ослын судалгаа, шинжилгээ хийх, түүний ач холбогдол” зэрэг илтгэл тавигдсан юм. Энэ үеэр шүүгчид уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс “Шилэн нийлэг арматураар төмөр арматур орлох технолгоги”, “Битумын чанарыг сайжруулах судалгааны дүн” зэрэг илтгэлүүд шүүгчдийн анхаарлыг татсан гэдгийг онцлоод уралдааны тэргүүн байрыг шалгаруулсан. Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Н.Бямба шалгарч, ХБНГУ-д 10 хоногийн сургалтад хамрагдах эрхээр шагнуулсан. Харин II байрын эзнээр Н.Амарзаяа тодорч, 1.5 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Авто замын салбарын залуу ажилчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой ажилладаг “Үйлсийн зам” компани энэ жилээс эхлэн оюутны тэтгэлэг олгохоор болсон ажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа “Манай компани авто замын салбарын залуучуудыг оюунлаг байлгах, эрдэм шинжилгээний ажилд оролцуулах, судалгаа шинжилгээний ажлаар дамжуулан авто замын салбарт нөлөөлөх хүчин зүйлүүд юу байна. Түүнд яаж бодлогын арга хэмжээ авах вэ гэдгийг мэдэхийн уг илтгэлийн уралдааныг компанийнхаа таван жилийн ойгоос эхлэн зохион байгуулсан.
Манай уралдаанд оролцсон илтгэл, судалгааны ажлуудаас зам тээврийн яам бодлогынхоо арга хэмжээнд авч хэрэгжүүлдэг болсон. Ер нь бидний ирээдүй болсон залуучуудыг дэмжих зорилготой жил бүр зохион байгуулдаг. Энэ жил бид бас нэгэн шинэ ажлыг эхлүүлж байна. Манай улсад авто замын салбарын инженер бэлтгэдэг долоон их дээд сургууль байдаг. тэр сургуулийн оюутнуудыг дэмжих үүднээс оюутны тэтгэлгийг олгохоор болсон” гэв.









