М.Лхагвасүрэн: Одонтой эхчүүдийн мөнгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

2016 оны 1 сарын 13

Одонтой эхчүүдийн халамжийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх талаар Нийгмийн халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамж үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн дарга М.Лхагвасүрэнгээс тодрууллаа.  

-Одонтой эхчүүдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Одонтой эхчүүдийн мөнгө журмынхаа дагуу тухайн жилийн нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 8-наас өмнө олгогдсон байх ёстой байдаг. Улсын төсвөөс санхүүждэг учраас төсвийн бүтэц гол нөлөө үзүүлдэг. Урд жилүүдэд Цагаан сарын өмнө олгодог байсан. Энэ жил хэзээ олгохыг шийдээгүй байна.

-Эхчүүд одонгийн мөнгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

- Тухайн хүний үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, одонгийн үнэмлэхийн хуулбар байхад болно.  

- Бүрдүүлсэн материалаа хаана өгөх ёстой юм бол?

- Одонгийн халамжид хамрагдах гэж байгаа бол харьяа аймаг, дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хуралд материалаа өгнө. Одонгийнхоо үнэмлэхийг авсан  үедээ материалаа бүрдүүлээд өгчихөж болно.

- Урьд нь авч байсан хүмүүс энэ материалыг дахин бүрдүүлж өгөх шаардлагатай юу?

- Шаардлагагүй. Зөвхөн шинээр хамрагдаж байгаа ээжүүд материал бүрдүүлж өгөх үүрэгтэй.

-Одонтой эхчүүдийн мөнгө энэ жил нэмэгдэх үү?

-Урьдынхаараа олгоно. Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд буюу 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх жилд 200.000  төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд буюу 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол жилд 100.000 төгрөг авдаг. Мөн тэгээс гурван настайд нь хүүхэд үрчилж аваад, хүүхдийн тоо дөрвөөс дээш байвал одонтой эхчүүдийн халамжинд хамрагдаж болно.

-Энэ онд эхчүүдэд олгохоор хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Жил бүр улсаас гучин тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг. 2015 оны байдлаар улсын хэмжээнд одонтой эхчүүдэд 28.3 тэрбум төгрөгийг олгосон. Энэ жилийн хувьд төсвөө хараахан тодорхойлоогүй байна.

- Одонгийн мөнгийг хэзээ олгохыг иргэд хаанаас мэдэх боломжтой вэ?

- Банкууд болон Халамжийн хэлтсээс мэдээлэл авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27773
0 эможи
keyboard_arrow_up