Шилэн дансны хуулийг биелүүлэх шаардлага тавьсных нь төлөө цагдаад өгчээ

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн Ил Уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр уурхайчдын цалин хөлсийг нэмэх болон шилэн дансны хуулийг биелүүлэх зэрэг шаардлага тавьсныхаа төлөө хэлмэгдэж байна хэмээн мэдээлэл хийлээ.
Түүнийг Орхон аймгийн цагдаагийн газраас тус үйлдвэрийн нэр хүндийг унагасан, худал мэдээлэл тараасан хэргээр шалгаж буй аж.
Түүний шаардаад буй шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос тодруулав.
Тэрээр “Бид 2014 онд ажлын хэсэг байгуулсан. Хуулийн хэрэгжилт хэвийн явж байгаа. “Эрдэнэт”-ийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Төрийн байгууллага бол таван саяас дээш төгрөгийн гүйлгээ, орлогоо долоо хоног бүр тайлагнах ёстой.
Бид ч адил. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашиг, хамтарсан үйлдвэрийн онцлогийг хадгалах шаардлага байдаг. Бид энэ талаар хувьцаа эзэмшигчдээсээ асуусан. Хэдийгээр бизнесийн эрх ашигт нөлөөлж болзошгүй боловч Монгол Улсад Шилэн дансны хуулийг мөрдөж эхэлсэн тул хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай боллоо гэж ОХУ-ын талд мэдэгдсэн” гэв.
Харин цалин хөлсний нэмэх талаар тус үйлдвэрийн ажилчин Э.Б болон Т.Н нарын байр суурийг сонсоход,
-“Үйлдвэрийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг баталгаажуулж нэгдүгээр сарын зургаанд гарын үсэг зурсан.
Ингэхдээ 2014-2015 хамтын гэрээ нь 99% хувьтай биеллээ гэж байна билээ. Үйлдвэрчний эвлэлийн гол ажил бол ажилчдын эрх ашгийг хамгаалах, цалин хөлс нэмэх байдаг. Өнгөрсөн онд цалингаа нэмж чадаагүй байж хамтын гэрээ нь бүрэн дүүрэн биелсэн нь хачирхалтай. Цалин нэмнэ гэж байнга амладаг ч ажил болдоггүй” хэмээн ярьцгааж байна.









