Сүү сүүн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглолоо
НИТХ-ын 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан бөгөөд журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна.
Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцэлж байгаа юм. Журам мөрдөгдөж эхэлснээр үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах боломжтой болно гэж албаныхан үзэж байна.
Журамд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид шинээр үйл ажиллагаа эхлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс санал авч, иргэдийн оролцоог дэмжин ажиллана, худалдаа үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр, кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна, худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно гэж заажээ. Түүнчлэн хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар, түлхүүр олшруулах чиглэлээр талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлах, нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглолоо. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах, төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хоригложээ.