Оргосон цэргүүд машин өгөхийг шаарджээ

-Хүүд маань оргох хэмжээний асуудал гараагүй-
Сэлэнгэ аймаг дахь цэргийн ангид алба хааж байсан хал цэргүүд хилийн манаанаас оргож нутгийн иргэд рүү буу шагайн дээрэм хийж, цагдаа нартай хэлэлцээр өрнүүлсэн хэрэг уржигдар гарлаа. Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас өнгөрсөн оны хавар цэрэгт татагдсан Г, Б нар энэ сарын 5-нд 23:00 цагаас маргаашийн 7:00 цаг хүртэл манаанд томилогджээ. Гэвч маргааш нь тогтсон хугацаандаа харуулын байрандаа ирэлгүй буу зэвсэгтэйгээ харуулын морьтой оргосон байна. Тэднийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.
БУУГААР СҮРДҮҮЛЖ МАШИН ДЭЭРЭМДЖЭЭ
Энэ талаар өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээлэл өгсөн. Тэрээр “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг гарч ажилтнууд тус аймгийн Хөшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум, Атрын сангийн аж ахуйд самналт хийж эрэн сурвалжилсан. Энэ үеэр Зүүнбүрэн сумын Гэгээлэг гэх газарт цэргүүд явж байсныг тогтоосон ч цагдаа нараас зугтсан. Тэднийг цагдаагийн ажилтнууд ур чадвар гарган тусгай хэрэгслээр унаж явсан машиныг нь албадан зогсоож баривчилсан. Цэргүүд оргох явцдаа орон нутгийн хоёр иргэнийг буугаар сүрдүүлж, машиныг нь дээрэмдэн унаж явсан”гэв.
Тэд тус бүр 25 сумтай буутай явжээ. Замдаа малчин айлаар орж Улаанбаатар руу явах унаа сурагласан байна. Гэвч хот руу явах унаа олдоогүйгээс Цагааннуур сумаас 10 км орчимд явсан автомашинтай иргэдийг зогсоож буу тулган сүрдүүлж унаатай залгажээ. Ингээд цааш явахдаа цагдаа нартай тулсан байна. Аймгийн хэмжээнд цагдаагийн постууд шуурхай ажиллаж байсан нь цэргүүдийг цаг алдалгүй зогсооход дөхөм болжээ. Гэвч цагдаа нартай тулсан цэргүүд шууд бууж өгөхгүйгээр зугтжээ. Буу зэвсэг агссан цэргүүдийг гэмт үйлдэл хийхээс сэрэмжилж цагдаагийн ажилтнууд сумын төвөөс гаргаж араас нь хөөсөн байна.
Цагдаа нар цэргүүдийн машиныг 25 км хөөсний эцэст дугуйг нь хагалж, цагдаагийн машин болон нутгийн иргэний портер машинаар замыг нь хааж албадан зогсоожээ. Тэгээд ч цэргүүд бууж өгөөгүй байна. Цагдаагийн ажилтнууд цэргүүдтэй ярилцаж хэлэлцээр хийхийг хүсчээ. Албадан зогсоосноос машин нь эвдэрсэн учир цэргүүд дахин хөл залгах унаатай болохыг хүсч машин гаргаж өгөхийг шаардсан гэнэ. Хэлэлцээр 90 гаруй минут үргэлжилсний эцэст оргодлуудыг аюулгүй болгон баривчилжээ.
ЦЭРГҮҮД ЮУНААС БОЛЖ ОРГОВ?
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар цэргүүд оргох болсон шалтгаан ямар нэгэн албаны дарамт шахалт биш хувийн байдлаас болсон гэж өөрсдөө мэдүүлжээ. Хил хамгаалах ерөнхий газраас цэргүүдийн ар гэрийнхнийг хотод дуудсан байна. Оргосон цэргийн нэг Б нь Булган аймгийн Сэлэнгэ сумын гаралтай ч Орхон аймагт амьдардаг байжээ. Харин Г нь Булганы Тэшиг суманд амьдардаг, айлын том хүү аж. Энэ талаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Эрдэнэдалайтай холбогдож тодруулахад “Өчигдөр /уржигдар/ хилийн цэргээс 11:00 цагийн үед холбогдсон. Танайхаас татагдаж ирсэн цэрэг үүрэг гүйцэтгэж байгаад ирсэнгүй. Бидний таамаглаж байгаагаар оргосон бололтой” гэсэн юм. Үүнийг сонсоод цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож дуулгасан. Тэднийх дундаж амьдралтай, олон хүүхэдтэй айл. Сүүлийн үед тэднийд гэнэтийн асуудал гараагүй” гэв.
Г-ийн ээж У-тай холбогдож дараах мэдээллийг авсан юм. Тэрээр ярихдаа “Эгч нь чухам юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Цэргийн ангиас яаралтай хотод ир гэснээс өөр нарийн мэдээлэл хэлээгүй. Ямартаа ч одоо хот руу гарч байна. Очоод бүх зүйл тодорхой болох байх. Хүүтэйгээ хамгийн сүүлд шинэ жилийн өмнө ярьсан. Янз бүрийн дарамт шахалт байгаа талаар юу ч яриагүй. Оргоход хүргэх шалтгаан байхгүй. Ар гэрт нь ч асуудал гараагүй. Найз охингүй” гэлээ.
Цэргүүд баривчлагдах үед нэг нь шоконд орсноос эмнэлэгт хүргэгджээ. Нөгөөг нь саатуулаад байгаа аж. Тэдэнд аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг зүйл ангид цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Цэргүүд албан үүргээ хойшлуулаад зогсохгүй галт зэвсэг хэрэглэж, олон нийтэд заналхийлсэн, цагдаагийн ажилтнуудыг эсэргүүцсэн зэрэг нь хүндрүүлэх нөхцөл болох ажээ.









