"Монгол шуудан"-гийн энгийн хувьцааны арилжаа өнөөдөр эхэлнэ
"Монгол Шуудан" хувьцаат компанийн олон нийтэд санал болгосон 34 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах энгийн хувьцааны зах зээлийн арилжаа өнөөдөр 11.00 цагт Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох юм байна. Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит зарим компанийг хувьчлах ажлыг "Монгол Шуудан" компаниар эхлүүлж байгаа нь энэ.
Сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй цэвэр ашигтай ажилласан тус компанийн нэгж хувьцааны доод үнийг 185 төгрөгөөр тогтоосон бөгөөд 33.8 сая ширхэг хувьцааг энэ удаа арилжих юм. Ингэснээр нийт 6.2 тэрбум төгрөгийг хувьцааны захаас татан төвлөрүүлэх юм. Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт 68.1 сая ширхэг хувьцаа худалдан авах захиалга бүртгэгдсэн байна. Энэ нь хувьцааны эрэлт хоёр дахин өндөр байгааг илтгэж байгаа юм.
“Монгол Шуудан” ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй арилжихаар болсон. Нэмж гаргах хувьцааны захиалга энэ сарын 6-нд дуусчээ.
Үнэт цаас гаргагч: Монгол Шуудан ТӨХК
Үйл ажиллагаа: Шуудангийн үйлчилгээ
Байгуулагдсан он: 1921
Ажилчдын тоо: 895
Салбарын тоо: Улаанбаатарт 40, аймагт 21, сумдад 334 салбар
Бүтээгдэхүүний нэр төрөл: 6 үндсэн үйлчилгээ, 20 орчим нэр төрлийн үйлчилгээ
Зах зээлд эзлэх хувь: Дотоодын зах зээлийн 95, улс хоорондын буухиа шуудангийн зах зээлийн 30 хувь
Нэмж гаргаж буй хувь, хэмжээ: 34 хувь
Төрд үлдэх хувь, хэмжээ: 66 хувь
Нэгжийн үнэ: 185 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо: 33,859,363 ширхэг
Нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 6.263 тэрбум төгрөг
Энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ: Авто замын логистикийн төсөл
• Замын-Үүдэд логистикийн төв байгуулах,
• Улаанбаатар хотын шуудангийн 30-р салбарт ялган боловсруулах төв байгуулах
• Ачаа тээврийн автомашин худалдан авах
• Шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил худалдан авахаар төлөвлөжээ.









