Гаалийн Ерөнхий газрын байрыг Захиргааны хэргийн шүүхүүдэд шилжүүлнэ

Засгийн газар 2016 оны эхний хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын зориулалттай барилгыг захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2015 оны 11 сарын 24-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын байрлаж байсан байрны өмчлөлийн асуудлыг шүүхийн байрны зориулалтаар манай балансад шилжүүлж өгөхийг хүсч хандсаны дагуу асуудал ийнхүү шийдэгджээ.









