Халаасны хулгайчдын “үүр” ЭХЭМҮТ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) халаасны олон хулгайчийг тэжээдэг гэдэгт та итгэх үү. Энд хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйчүүд, үрийн зулай үнэрлэхээр ирсэн зарим бүсгүй хүртэл хулгай хийдэг аж.
Мэдээж халаасны хулгайчдын дийлэнх нь хэвтэн эмчлүүлж буй өвчтөн шиг харагддаг хүмүүс. Тэд эмнэлэгт орж ирээд л гэрийн шаахай, нөмрөг өмсөөд хонгилоор явж, яарч сандарсан нэгний эд зүйлийг суйлдаг гэнэ.
1800 гаруй ажилтантай, эмчилгээний олон тасаг бүхий маш том объекттой энэ байгууллагад хэн нь хэн бэ гэдгийг мэднэ гэдэг хэцүү. Иймээс тус төвийнхөн халаасны хулгайтай тэмцэх төлөвлөгөө гаргажээ.
Төлөвлөгөө нь 2020 он хүртэл үргэлжлэх юм байна. Тэр хүртэл хэчнээн хүн эд зүйлээ алдаж хохирохыг мэдэх аргагүй. Учир нь тус эмнэлэгт гарсан халаасны хулгайн дуудлага Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өдөрт нэг бус удаа ирдэг гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Хамгийн сонирхолтой нь даваа, лхагва, баасан гаригт хулгайч нар бүр ч идэвхиждэг аж. Эдгээр өдөр зөвхөн энэ эмнэлэгт хулгайн дуудлага 4-5 бүртгэгддэг юм байна. Халаасны хулгайч нар ихэвчлэн үнэтэй гар утас, бэлэн мөнгөнөөс эхлээд хүний хувцас хэрэглэлийг хүртэл гололгүй авдаг гэнэ.
ЭХЭМҮТ-ийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Манай эмнэлэгт халаасны хулгайн хэрэг байнга л гардаг. Саяхан л гэхэд хүүхдээ төрүүлэхээр ирсэн эмэгтэй “iРhone-5” маркийн гар утсаа хулгайд алдсан. Бид тасагт байсан бүх хүнээс асуухад бүгд л мэдэхгүй гэсэн.
Тэгээд бүгдийг нь байлгаж байгаад асрагчаараа тасаг доторх цүнх, савыг нь шалгуулахад төрөхөөр ирсэн өөр нэг эмэгтэйн гоо сайхны хэрэгсэл хийдэг жижиг цүнхнээс алга болсон гар утас гарч ирсэн.
Хүний гар утас авч далд хийсэн эмэгтэй “Би хүүхдийнх нь аавд өгөх гэж байсан юм” гэж ичих ч үгүй мэлзсэн. Адилхан өвдөж зовоод эмнэлэгт хэвтчихээд нэгнийхээ эд зүйлийг хулгайлна гэдэг байж боломгүй санагддаг. Өөрөө үхэх сэхэхийн заагт байж бас хүний үнэтэй эд зүйлийг илүү харж явдаг. Аймаар шүү.
Ер нь иймэрхүү тохиолдол олон. Бас хэдэн сарын өмнө мөн л манай эмнэлгээр үйлчлүүлж байсан эмэгтэйн гар утас алга болсон. Тэр дор нь цагдаа дуудаад хэнийг нь ч гаргахгүй байж байгаад нэгжүүллээ. Тэгэхэд ариун цэврийн өрөөний хогийн савны ард нуусан байв. Эзэн нь олдоогүй.
Гэхдээ утасны эзэн хэн хулгай хийснийг нь мэдэж байх шиг байсан. Бидэнд хэлээгүй. Зарим тохиолдолд өвчтөнүүд эд зүйлээ цүнхэн дотроо байлгаж байгаад манай асрагч, сувилагч нараар ар гэрийнхэндээ өгүүлдэг юм.
Гэтэл манай ажилтнуудад өгөхөөс өмнө хулгайч аль хэзээний үнэтэй зүйлсийг нь авчихсан байдаг. Үүнээс болоод манайхан хэрэгт орчих гээд байдаг юм” гэж ярилаа.
Тэгвэл Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчийн хэлснээр өнгөрсөн 2015 оны долдугаар сард тус эмнэлгийн асрагч, 40 орчим насны эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ iРhone маркийн гар утсыг хулгайлаад баригдсан аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байжээ.
Хулгайч нар ихэвчлэн 18-35 хүртэлх насны залуус. Хэн ч тэднийг гэмт хэрэгтэн гэж харахааргүй гэнэ. Гэхдээ тэднийгээ цагдаа нар нь хараад эрх биш таньдаг аж. Учир нь манайд дийлдэхээ байсан ердөө 500 орчим халаасны хулгайч бий. Тэдний зарим нь зөвхөн ЭХЭМҮТ-д дагнан “ажилладаг” гэнэ.
Гэхдээ эхнээсээ баригдаад аавын хаалга татжээ. Мэдээж бүгд олон удаагийн үйлдэлтэй. Үүний цаана олон иргэн хохирч байгаа шүү дээ. Шийтгэлээ хүлээсэн хулгайч нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа нь харамсалтай.
Өөрөө адилхан эх хүн болох, зарим нь аль хэдийнэ ээж болчихсон байж ийнхүү үр хүүхэд нь өвдсөн, нярайлахаар ирээд байсан эмэгтэйчүүдийн халаасыг ухаж, голыг нь харлуулж байгаа нь аймшигтай биш гэж үү.
Одоогоос арав гаруй хоногийн өмнө Багануур дүүргээс ирсэн эмэгтэй ЭХЭМҮТ-ийн Хүлээн авах тасаг руу орж явахдаа эд зүйлээ хулгайд алджээ. Түүнийг хүндрэлтэй төрж магадгүй гээд тус төв рүү шилжүүлсэн аж.
Хаалгаар нь дөнгөж орох мөчид 25 орчим насны залуу учир зүггүй хажуугаар нь чихэлдэж зөрсөн байна. Тогоо шиг том гэдэстэй хүнийг тэгж дайрчих шахсанд нь хамт явж байсан эгч нь хар авч дүүдээ “Цүнхээ шалгаарай, хулгайч юм шиг байна” гэж хэлжээ.
Тэгтэл нөгөө эмэгтэйн бэлэн мөнгө, бичиг баримттай түрийвч нь аль хэдийнэ алга болсон байж. Сандарсан эмэгтэй хашгирч, тусламж дуудаж байж хулгайчийг бариулсан байна.
Түүнчлэн 2013 онд хүүхдээ төрүүлчихээд төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй хажуу дахь эмэгтэйнхээ гар утсыг хулгайлж байжээ. Тэр утас нь тухайн үеийн шинэ загвар болох “iPhone-4” байсан гэнэ.
Үүн шиг жишээ дурдаад байвал барагдахгүй. Цагдаа нар өөрсдийн бүртгэлд байдаг халаасны хэдэн хулгайчийн зураг, 80 гаруй санамж, сэрэмжлүүлгийг өнгөтөөр хэвлэн ЭХЭМҮТ-ийн бүх давхарт наасан аж.
Гэтэл нэг хурган дарга нь ирээд “Миний зөвшөөрөлгүй зураг наалаа” гээд бүгдийг нь хуулаад хаячихжээ. Үүнд цагдаагийн байгууллагынхан ихэд бухимдаж байна лээ.
Үйлчлүүлэгчдийг нь эд зүйлсээ хулгайчид алдахаас хамгаалах зорилгоор цаас, хор гарздаад явж байхад нөгөөдүүл нь “Хайран хана минь” гээд зогсож байгаа нь харамсалтай.
Энэ талаар Баянгол дүүргийн XI хорооны хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Түмэнжаргал “Цагдаагийн байгууллага тус төвийн удирдлагуудтай хамтран 2015 оны арваннэгдүгээр сараас халаасны хулгайтай тэмцэх ажил эхлүүлсэн.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.









