Гадаад үгийн хэрэглээ үгийн бүтэц, өгүүлбэрийн утгыг өөрчилж байна

Дэлхийн 7 тэрбум гаруй хүн өргөн хэрэглээний 12 хэлээр хоорондоо харилцдаг. Мөн 14 хоног тутамд нэг хэл мөхөж байдаг гэсэн тооцоог ЮНЕСКО-гийн эрдэмтэд гаргасан байдаг. Түгээмэл хэрэглэгдэж байгаа харь хэлний нөлөө монгол үгсийн санд сөргөөр нөлөөлж, үгийн бүтцийг өөрчилж эхлээд байна.
“Драмын театрын касснаас очерлож байж билет авлаа” гэсэн өгүүлбэрт монгол үг цөөхөн байна. Яг л үүнтэй адил бид өдөр тутмын харилцаандаа эх хэлнээсээ илүү гадаад үгээр чамирхах болсон. Тасалбар гэдэг монгол үг байсаар байтал заавал билет гэж хэрэглэх шаардлага уг нь байхгүй.
Гэтэл 26 орныг нэгтгэдэг Европын холбоо дэргэдээ нэр томьёог зохицуулах албатай байдаг. Энэ алба нь Европын парламентаар хэлэлцсэн хуулийн төслүүдэд орсон шинэ нэр томьёог бүртгэн нийтийн хүртээл болгох ажлыг хийдэг. Монгол Улс бүхий л салбарт мэдлэг импортлож байна. Ингэснээр шинжлэх ухаан, нийгэм соёлын бүхий л салбарт харь үг хэрэглэх болсон. Гэхдээ үүнийг хянадаг, баталгаатай орчуулгыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлдэг тогтолцоо бүрдээгүй нь байдлыг улам хүндрүүлдэг.
2015 онд баталсан Монгол хэлний тухай хууль ч яг тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй гэж судлаачид үзэж байна. Дунд сургуулийн сурагч 12 нас хүртлээ эх хэлээ судлана гээд заачихсан юм шиг боловч тусгай эрх авсан хувийн сургуулиудад нэгдүгээр ангиас нь судлаж болно гэсэн нь хэтэрхий мөлгөр байна гэж эрдэмтэд шүүмжиллээ. Харь үгийн хэрэглээг хянах, зохицуулах төрийн бодлого сул байгаагаас нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчны нөлөө залуусыг өдөр ирэх бүр эх хэлнээс нь холдуулж байна.









