Худалдан авалт хийгээд 15 хоног дотор бүртгүүлвэл НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын анхны сугалаа энэ сарын 17-нд болно. Та худалдан авалт хийснээсээ хойш 15 хоногийн дотор баримтаа бүртгүүлснээр сугалаанд оролцох боломжтой болохыг “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д заажээ.
Хэрэв энэ хугацаа хэтэрсэн тохиолдолд таны баримтыг хүчингүйд тооцох аж.
Өнөөдрийн байдлаар баримт хэвлэх боломжтой цэг 4679-д хүрч, ebarimt.mn сайтад бүртгүүлсэн баримт 257 мянгад хүрчээ.
Та татварын нэгдсэн системд холбогдсон албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтаар сугалааны урамшуулалд оролцохоос гадна төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах боломж бүрдэнэ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
СУГАЛАА ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ
Сугалаа явуулах үйл ажиллагааг орон даяар сар бүрийн гурав дахь ням гаригт 19:00 цагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна хэмээн журамд тусгасан хэдий ч эхний ээлжинд 14 хоногт нэг удаа сугалааны тохирлыг явуулна гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлсэн. Анхны сугалааны тохирол энэ сарын 17-нд болно.
СУГАЛААНЫ ДҮРЭМ
Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын хоёр үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ.
- Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ.
- Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.
Үндсэн сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал Үндсэн сугалааны тохирлоор урамшуулал олгоно:
- Сугалааны дугаарын найман цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшууллыг;
- Сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшууллыг;
- Сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшууллыг;
- Сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшууллыг;
- Сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшууллыг;
- Сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшууллыг.
Сугалааны урамшуулал болон сугалааны дугаарыг нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогчид олгоно.
- Сугалааны тохирлыг зөвхөн өмнөх сард хэвлэгдсэн сугалааны тасалбаруудаас тодруулна
- Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.
- Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно.
ХҮСЭЛТ ГАРГАСНААС ХОЙШ АЖЛЫН 20 ХОНОГТ СУГАЛААНЫ ТОХИРЛЫГ ОЛГОНО
Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:
- Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол http://www.ebarimt.mn цахим хуудсанд сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.
- Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө.
- http://www.ebarimt.mn цахим хуудсанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг бүртгүүлсэн дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.
Сугалааны тохирлоос Гэнэтийн ашгийн албан татвар авахгүй гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.









