Замын засварт жилд 100 тэрбум төгрөг шаардлагатай

2015 оны 12 сарын 29

Улсын хэмжээнд хатуу хучилттай замын урт нэмэгдэж таван мянга гаруй км хүрээд байгаа ч, зам засвар арчлалтад зарцуулдаг төсөв нь жил ирэх бүр буурсаар байна. Ирэх онд замчид найман тэрбум төгрөгөөр 12  мянган км хатуу хучилттай болон сайжруулсан замыг засварлаж, арчлах шаардлага үүсчээ. Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар монгол улсын авто замын сүлжээнд байнгын засвар арчилгаа хийхэд нийт 100 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн байдаг. Гэтэл бид үүнийхээ дөнгөж найман хувьд хүрэх л төсөв баталсан. Тиймээс замын салбарт ажиллаж байгаа ажилчдаа цөөрүүлэхээс өөр сонголт үлдээгүй гэж байна.

Монгол улсын хэмжээнд авто замын засвар арчлалт хариуцдаг 28 компани байдаг. Өвлийн цасан шуурганд хаагдсан зам давааг нээх, халтиргаа гулгааг шуурхай арилгах, зуны цагт засвар үйлчилгээ хийх, нөхөөс тавих зэрэг ажлыг эдгээр компаниуд хийж гүйцэтгэдэг. Гэвч тэдгээр компаниуд бүгд хүнээ цомхотгохоос өөр аргагүй болжээ.

2016 оны хувьд зайлшгүй урсгал засвар хийх шаардлагатай 600 км авто зам байна. Энэ хэмжээний замыг засахад 18-20 тэрбум төгрөг шаардлагатай. Мөнгө байхгүй гээд эвдэрхий замыг хэвээр  үлдээвэл олон мянган хүний амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Мөн авто тээврийн тухай хууль болон замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд зам дээр осол гарвал тухайн зам засварын компани хариуцна гээд заачихсан байдаг. Хэмнэж, танаж болох зардлаа бууруулж хямралыг давах нь зөв. Гэхдээ олон мянган хүн өдөр тутам зорчиж байдаг авто замын аюулгүй байдлыг хангах нь хөрөнгө мөнгө хэмнэхээс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг замчид хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27296
0 эможи
keyboard_arrow_up