ОХУ-д сансрын шинэ буудал байгуулж байна

ОХУ-ын Алс Дорнодод байгуулж байгаа сансрын буудлын эхний хэсэг ирэх оны эхээр ашиглалтад орох гэж байна. “Восточный” нэртэй сансрын буудал барих 3 тэрбум америк долларын өртөгтэй ажил 4 жилийн өмнө эхэлсэн. Улмаар энэ оны эцэс гэхэд тус буудлаас сансрын хөлөг хөөргөх эхний туршилтыг хийхээр төлөвлөж байсан боловч барилгын ажлыг хариуцаж авсан компани дампуурсан болон бусад шалтгаанаас үүдэн энэ өдрийг ирэх оны эхэн хүртэл хойшлуулжээ. Өчигдөр холбогдох албаныхны мэдээлснээр "Восточный" сансрын буудлын эхний хэсгийг ирэх оны хавар гэхэд ашиглалтад оруулж, дөрөвдүгээр сарын 25-нд "Союз" пуужин хөөргөж туршихаар болсон байна. Пуужингийн эд ангиудыг аль хэдийнэ сансрын буудал руу хүргэсэн, ирэх сараас пуужин хөөргөх бэлтгэл ажлыг эхлүүлэх юм байна. ОХУ Казахстаны Байконур дахь сансрын буудлыг түрээслэсэн хугацаа 2050 онд дуусна. Үүнтэй холбогдуулан тус буудлаас хараат байдлаа бууруулах зорилгоор Оросын Засгийн газар өөрийн нутаг дэвсгэрт сансрын шинэ буудал байгуулж байгаа нь энэ юм. Орос улс Байконур дахь сансрын буудлыг Казахстанаас жилийн 115 сая америк доллараар түрээслэж байгаа юм.









