Хороолол дундах замуудыг чөлөөлж байгалийн чулуугаар автозам хийнэ

2014 оны 5 сарын 08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хороолол дундах замуудын саадыг чөлөөлж шинээр байгалийн чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна.  Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 663.1 км авто зам ашиглагдаж байгаагаас 24.0 хувь нь хотын гол гудамж, зам, 33.6 хувь нь туслах гудамж, зам, 42.4 хувийг орон сууцны хорооллын гудамж, зам эзэлдэг юм байна.  Хамгийн өндөр хувь эзэлж байгаа орон сууцны хорооллын авто зам нь саад ихтэй, хөдөлгөөний хязгаарлалттай байгаа нь түгжрэл үүсэх гол нөхцөл болдог гэж албаныхан тайлбарладаг.

Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс  хороолол дундах замын хөдөлгөөний эрчмийг хэрхэн сайжруулах боломжтой байгааг судлаж танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон юм.
Энэ үүргийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  орон сууцны хороолол дундах 173 байршлыг сонгон авч авто замын саадыг арилгаж шинээр 103,460м2 буюу 25.8 км байгалийн чулуун авто замыг барих боломжтой гэж үзжээ.

Ингэснээр хотын төв зам, туслах замын ачааллыг 21,4 хувиар бууруулан гэж тооцож байгаа юм байна. Мөн туслах гудамж, орон сууцны хороолол доторхи замын саадыг чөлөөлснөөр түргэн тусламжийн машин, гал унтраах ангийн машин, онцгой байдлын албаны машин орж гарах зам чөлөөтэй болж,  иргэдийн амь нас, эд хөрөнгийн эрсдлийг бууруулах боломжтой болох юм байна.
Эхний ээлжинд ачаалал ихтэй байдаг Их тойруу орчмын орон сууцны хороолол дундах 30 байршлын замыг чөлөөлж байгалийн чулуугаар авто зам тавихаар санал орууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2720
0 эможи
keyboard_arrow_up