Оюутнууд жуулчдын үлдэгдэл хоолоор хооллодог байжээ

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн оюутнууд БНХАУ-ын ӨМӨЗО-нд өндөр цалинтай тоглолтод оролцохоор өнгөрсөн зургадугаар сард явжээ. Гэвч цалин хөлс, хоол ундгүй, муухан орчинд гурван сарын турш амьдарч байгаад эх орондоо ирсэн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн.
Тус сургуулийн 20 гаруй оюутан өнгөрсөн зургадугаар сарын 1-нд ӨМӨЗО-ын Хишигтэн хошууг зорьсон аж. Тэд Хишигтэн хошууны “Долоон нуур” гэх жуулчны баазад бүжиглэдэг байжээ. Тэднийг тус сургуулийн цэнгээнт бүжгийн багш Ц.Ганбаяр удирдаж явсан байна.
Ц.Ганбаяр оюутан, эцэг эхчүүдтэй гэрээ хийхдээ СУИС-ийн нэрийг барьжээ. Гэвч гурван сарын дараа оюутнуудын цалин хөлсийг өгөхгүйгээр нутаг буцаахад нь сургуульд мэдэгдээгүйг эцэг, эхчүүд олж мэджээ. Хишигтэн хошууг зорьсон оюутнуудын нэг Б-с зарим зүйлийг тодрууллаа.
“БИДЭНД ЖУУЛЧДЫН ҮЛДЭГДЭЛ ХООЛЫГ ӨГЧ БАЙСАН”
-Та нар хэдүүлээ явсан бэ. Тэнд ямар байдалтай байв?
-Өглөө 6:00 цаг гэхэд босчихсон байх ёстой. 7:00 гэхэд хоол ундаа идээд бэлэн байх ёстой. Тэгээд ямар ч цагийн хуваарьгүй бүжиглүүлж байсан.
-Цалин хөлс хэдээр тохирсон юм бэ?
-Нэг сарын 800 мянган төгрөг гэсэн. Оюутнууд гурван cap бүжиглээд сургалтын төлбөрөө хийх зорилготой явсан. Гэвч цалингаа авч чадаагүй. Авч явсан багш сураггүй болчихсон. Бид хагас дутуу авсан цалин, ар гэрээсээ авсан мөнгөөрөө буцаж ирсэн. Үүнээс болж сургалтын төлбөрөө төлөөгүй учраас шалгалтандаа орж чадсангүй. Ц.Ганбаяр багш бидэнд анх СУИС-ийн гэрээгээр явж байгаа гэсэн. Гэвч тийм биш байсан. Монголын цэнгээнт бүжгийн холбооноос тамгатай гэрээ байгуулсан юм билээ.
-Багш чинь энэ талаар ямар тайлбар хэлэх юм?
-Ц.Ганбаяр багштай уулзаж чадахгүй байгаа. Өвчтэй, завгүй, хөдөө явж байна гээд уулздаггүй гэсэн юм.
Ш.Эрдэнэцэцэг: СУРГУУЛЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
Уг асуудлаас болж эцэг, эхчүүд сургуулиар эргэлдэх болжээ. Тэд хүүхдүүдийнхээ ажлын хөлсийг олж, сургалтынх нь төлбөрийг хийхийг хүсч буй аж. Гэвч сургуулийн оролцоотой үйл ажиллагаа байгаагүйгээс оюутнуудын эрх ашгийг хамгаалж чадахгүйд хүрчээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ээж ингэж ярилаа.
-Хүүхдүүд Хятад руу явахаас хоёр, гурав хоногийн өмнө Ц.Ганбаяр “Сургуулиас бид ингэж авч явдаг юм. Гурвалсан гэрээ байгуулъя” гээд эцэг, эхчүүдийг цуглуулсан. Яг гэрээ хийх болоход “Би сургуулиа төлөөлж байгаа учраас миний тамга тэмдгээр явна” гээд Спортын бүжгийн холбооны тамгатай гэрээ байгуулсан. Гэтэл сүүлд нь сургуульд ч хэлээгүй, зарим хүүхдийн хичээлийг таслуулаад явсан байна лээ. Манай хүүхэд нэгдүгээр курсийн оюутан байсан.
-Хүүхэдтэйгээ холбогдож чадаж байв уу?
-Эхэндээ холбогдож чадахгүй байсан. Сүүлд нь нөхцөл байдал ямар байгааг мэдсэн. Багш нь байнга хажууд нь байгаагүй юм билээ. Эцэг, эхчүүдээс явуулсан зүйлийг нэг хэсэг хүүхдүүдэд хүргэж өгч байгаад дахиад илгээмж авахгүй гэсэн байгаа юм.
-Холбоогүй болоход хүний нутагт эмэгтэй хүүхэд чимээ сураггүй байгаад айсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Ямартаа ч наймдугаар сарын 30-нд хүүхдүүд ирсэн. Тэр үед манай гэр шатсан. Анх Ц.Ганбаяр цалин хөлсний хувьд айх зүйлгүй гэсэн учраас хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалж байсан мөнгөө байшингаа засварлахад зориулчихсан. Гэтэл хүүхдийн мөнгө бүтээгүй. Гэтэл одоо охиныхоо төлбөрийг төлж чадахгүй байгаа ч сургуульдаа явж байгаа. Бид сургуулийн захиргаатай хамтраад маш удаан хөөцөлдөж байж Ц.Ганбаяртай уулзсан гэлээ.
СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн цэнгээнт бүжгийн багш Ц.Ганбаяр Монголын спорт бүжгийн холбоог үүсгэн байгуулсан ажээ. Сургуулийн захиргаа, оюутнууд, тэдний ар гэрийнхэнтэй хамтран түүнтэй уулзахаар араас нь багагүй хөөцөлдсөн байна. Гэвч одоог хүртэл асуудлыг шийдэж чадахгүй байгаа ажээ. Энэ талаар СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэгээс тодруулахад “Ц.Ганбаяр манай цэнгээнт бүжгийн цагийн багш. Уг нь мэргэжилдээ сайн учраас манайх өнгөрсөн жилээс цагийн багшаар ажиллуулсан юм. Гэтэл намар болж хичээлийн шинэ жил эхлээд сургалтын төлбөр яригдахад энэ асуудал сөхөгдсөн. Эцэг, эхчүүдийг дуудаж тодруулсан.
Тэгэхэд энэ асуудал хичээл тарсны дараа болсон байсан. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдөө Ц.Ганбаяр багштай уулзаж хүүхдүүдээ явуулсан. Тэгэхээр СУИС-ийн Бүжгийн сургуулийн захиргаатай ямар нэгэн байдлаар оюутан ч багш ч холбогдоогүй. Бид аль болох зохицуулж, оюутнуудыг хохироохгүйгээр шийдэж өгөхийг зорьсон. Эхний улиралд хүүхдүүдийн хичээл сонголтыг хийлгэсэн. Одоо шалгалт өгөхөд төлбөрөө төлөхийг шаардаж байгаа. Учир нь Бүжгийн урлагийн сургууль оролцож явуулаагүй учраас манайх албан ёсоор хариуцлага хүлээхгүй” гэсэн юм.









