Импортоор орж ирсэн машинуудыг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ
Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олголтын үйл ажиллагаа ирэх даваа гаригаас буюу арван хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Авто худалдааны цогцолборт төвлөрөн ажиллахаар боллоо.
Харин ирэх даваа гариг хүртэл өмнө нь импортын авто машин бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлж байсан долоон салбар хэвийн үйл ажиллагаа явуулах аж
Өнөөдрийн байдлаар нийт долоон салбар дээр хийгдэж байсан импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг ийнхүү төвлөрсөн нэг газар хийхээр болж байгаа бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Гэхдээ шилжилт хөдөлгөөний бүртгэл буюу иргэд хоорондоо машин зарж борлуулах үед хийгдэх бичиг цаасны ажил Цирк болон Хөсөг Трейд гэсэн хоёр салбар дээр хэвийн үргэлжлэх аж. Зөвхөн импортоор орж ирсэн авто машинуудыг Авто худалдааны цогцолборт бүртгэх юм байна.
Ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал П.Дэлгэрнарангаас тодруулахад “2015 оны байдлаар Монгол улсад 70,000 авто машин хилээр орж ирсэн байна. Энэ бүх авто машиныг нийслэл хотод бүртгэж авсан гэсэн үг.
Тэгэхээр нэгдүгээрт энэ их машины урсгалыг бууруулах, хоёрдугаарт улсын дугааргүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нийслэл хотод хязгаарласнаар түүнээс үүдэн гарах замын хөдөлгөөний ослыг бууруулах, гуравдугаарт иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй үйлчлэх гэсэн давуу тал бий болж байна” гэсэн юм.
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг төвлөрүүлэхэд зориулж Авто худалдааны цогцолборт арилжааны дөрвөн банк, даатгалын дөрвөн байгууллага, нотариат, улсын дугаарын найман үйлдвэр зэрэг байгууллагуудыг төвлөрүүлэн, үйл ажиллагаа явагдахад бэлэн болгожээ.
Харин ирэх даваа гариг хүртэл өмнө нь импортын авто машин бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлж байсан долоон салбар хэвийн үйл ажиллагаа явуулах аж.









