Усны саван дээр зургаа мөнхөлдөг эрхмүүд

2015 оны 12 сарын 22

Саяхандаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны савны шошго дээр өөрийнхөө зургийг хэвлэсэн нь хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан. 1000 км-ийн цаана болсон энэ үйл явдал олон нийтээр зогсохгүй АТГ-ын овоо хараанд өртөж засаг ноёныг бангадах албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нарт хүргүүлж байсан удаатай.

Чухамдаа О.Амгаланбаатар улсын хөрөнгөөр өөрийгөө сурталчлаад явж байгаа нь хуульд нийцэхгүй байсан. “О.Амгаланбаатараас үзэсгэлэнтэй байгаль, түүхийн дурсгалт газрууд байхад” гэж ирээд хүний санаанд багтамгүй үйлдлээсээ болж тэр мөн ч их баалуулсан даа. Одоо хаширсан биз.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Д.Ганбатын  мөн л 40 литрийн бидон дээр нэрээ сийлж, хөрөг зургаа байрлуулсан мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарив. Тэрээр сонгогчдоо “хахуульдах” аргаа ийнхүү олсон бололтой. Арга ч үгүй биз. Хаа сайгүй нүүрс, нэгж, аяга таваг тарааж байхад эрхэм гишүүний энэ санаа арай дөнгүүр нь байж мэдэх. Түүний энэ үйлдлийг  өдөр тутмын хэрэглээ болсон усны саван дээр өөрийгөө төлөөлүүлж  зургаа “наасан” нь явдаг сурталчилгаа болж, хүмүүст хүрэх нь арай илүү гэх хүн ч олон байна. Зөөлөн суудалд очихоороо эрх ямбаа эдэлчихээд сонгуульт хугацаа нь дуусахаар ард түмнээ царайчилдаг энэ зан ямар ч хүн байсан “Би иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй шүү” гэдгийг нь нотлоод өгөх шиг. Түүнээс хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн ингэж явахын хэрэг юун. Гэхдээ ард түмэн ямар нэг бэлэг тараагаад эсвэл нэг хүний царайг харж сууснаараа  саналаа өгчихгүй л байх. Орчин үед тийм ядарсан сэтгэлгээтэй хүн ховордсон. Магадгүй бэлгийг нь аваад өрсөлдөгчийг чинь дугуйлах хүн олон байх шүү. Ер нь УИХ-ын гишүүд хэрэгтэй, хэрэггүй зүйл тарааж ард түмнийг доромжлохоосоо ичээсэй билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27125
0 эможи
keyboard_arrow_up