Л.Болормаа агсны задлан шинжилгээний хариу гарчээ

“Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаа өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан билээ. Цагдаагийн байгууллагаас тухайн үед “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн тайлбар өгөөд албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж байв.
Түүний амиа алдсан шалтгааныг тогтоолгохын тулд ар гэрийнхэн нь цогцост задлан шинжилгээ хийлгэхээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандаад байсан юм.
Уг хүсэлтийн дагуу ШШҮХ-гийн шинжээч эмч нар ажиллаж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан гэсэн байна.
Энэ талаар тус хүрээлэнгийн чанарын менежер С.Одончимэг “Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” хэмээн тайлбарлав.
ШШҮХ-гийнхэн задлан шинжилгээний хариуг ийнхүү гаргаж, цагдаагийн байгууллагад дүгнэлтээ шилжүүлсэн байна.









