Жагсагчид Төрийн ордныг тойрч байна

"Луйврын хар машингүй Шударга сонгуулийн төлөө" жагсаал Эрх чөлөөний талбайд болж улмаар жагсагчид Төрийн ордныг гороолон тойрч байна.
Жагсагчид буюу улс төрийн 21 намын гишүүд, дэмжигчид яаралтай Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон иргэдийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Улмаар энэхүү хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн бөгөөд шаардах бичгийн хариуг өнөөдөр авах ёстой ч одоогийн байдлаар хариу ирүүлээгүй байгаа аж. Иймээс шаардах бичгийн хариуг УИХ-ын даргаас авахаар мөн 2016 оны сонгуулийг хар машины луйвар оруулахгүйгээр явуулахыг шаардан ийнхүү Төрийн ордныг тойрч байна.
Жагсаалд оролцогчид “Луйвраар сонгогдож, бондоор баяжиж улсаа зарахыг хүлээн зөвшөөрөхгүй, Хар машин сонгогч таны эрхэнд халдаж байна, Хар машинаар сонгууль хийх нь АН-ын сонгууль болж хувирна” зэрэг лоозонг барьсан буй юм.









