С.Одонтуяа: Хүүхдийн урлан бүтээх төвийн асуудлаар нийслэлийн удирдлагуудтай уулзана

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2016 онд хувьчлагдах барилгын жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төв багтаж хувьчлахаар болсон нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ. Тус төвд хичээллэдэг зургаан дүүргийн 1400 гаруй хүүхдийн төлөөлөл “Хүүхдийн өмчид халдахаа зогсоо”, Хүүхдийн байгууллагыг хувьчлахыг эсэргүүцэж байна” гэх лоозон болон хийсэн, урласан бүтээлээ барьж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлээ.
Тэрээр "Олон жилийн түүхтэй, олон хүүхдийг олон зүйлд сургасан байгууллага, газар шүү дээ. Миний хувьд урлан бүтээх төвийг хувьчлаад, өөр зориулалт чиглэлээр ашиглана гэдгийг эсэргүүцэж байгаа. Энэхүү барилгын хувьд мэргэжлийн хяналтын байгууллагаас нурах магадалтай гэж буулгах шийдвэрийг гаргасан байгаа. Тэр байтугай намайг хүүхэд байхад л буулгах нь зүйтэй гэж яригддаг байсан. Тиймээс одоо байгаа барилгыг нурааж оронд нь барих барилгад хуучин үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулах чиглэлээр өгч болох юм. Өөрөөр хэлбэл тус барилгын оронд арван даврах барилга барилаа гэхэд тухайн барилгын хэд хэдэн давхарт одоо ашиглаж байгаа метр квадратаас дутахааргүй газрыг өгөх ёстой гэж бодож байна. Зургаан дүүргийн 1400 гаруй хүүхэд ямар нэгэн төлбөргүй суралцдаг газар шүү дээ. Нэгэнт нурах аюултай байгаа тул газрыг нь үнэ хүргэж зараад оронд нь барилга барьж тухайн барилгын тодорхой хэсэгт одоогийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх чиглэл өгөх нь зүйтэй юм.
-Хотын шийдвэрт нөлөөлөх боломж байдаг уу?
-Өнөөдөр манай зарим гишүүд энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудтай уулзана. Өвлийн хүйтэнд хүүхдүүд гараад жагсч байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг хүүхдийн эрхийг хохироохгүй байдлаар шийдэх талаар ярилцана" гэв.









