Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 12.8 хувиар буурчээ
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар буурчээ. 11 дүгээр сарын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээс харахад сарын дүнгээр 0.7 хувиар буурсан байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 76 хувь нь буюу 24 мянга гаруй иргэн дипломын болон бакалаврын дээд, бүрэн дунд боловсролтой иргэд байна.
Хэдий тийм боловч хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 109 мянга 845 бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 39 гаруй мянга нь шинээр бүртгүүлж, 70.5 мянга нь мэдээллээ шинэчилж идэвхгүй төлвөөс идэвхтэй төлөвт шилжсэн байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар идэвхтэй байгаа бүртгэлтэй ажилгүй иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаантай иргэд 66 хувийг бүрдүүлжээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшнээр авч үзвэл 76 хувь нь буюу 24026 иргэн дипломын болон бакалаврын дээд, бүрэн дунд боловсролтой иргэд байна. Харин насны бүлгээр нь авч үзвэл улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63 хувийг 15-34 насны иргэд эзэлж байгаа аж.
Ажлын байрны хувьд ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өссөн дүнгээр 69 мянга 879 орон тоотой ажлын байрны захиалга бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт болжээ.









