Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг жилд 160 сая төгрөгийн цалин авдгийг аудит тогтоожээ

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн тус банкийг Чингис, Самурай бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан. Ингэхдээ тооцоо судалгаагүйгээр төсөл хөтөлбөрүүдэд бондын мөнгийг зарцуулсан гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа.
Энэхүү ажлын хэсгийн дэд ажлын хэсэгт багтаж ажилласан Үндэсний аудитын газраас “Засгийн газраас үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүн” гэх аудитын дүгнэлтэндээ тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын цалингийн талаар зарим мэдээллийг тусгасан аж.
Тодруулбал, “Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг зохицуулж буй журмуудыг шинэчлэх шаардлагатай байна” гэх хэсгийнхээ 1.56 дахь хэсэгтээ “Тухайлбал, гүйцэтгэх захирал сарын цалин 10 сая төгрөг дээр нэмж улирал тутам 10.0 сая төгрөг, газрын захирал сарын 6.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 6.0 сая төгрөг, хэлтсийн захирал сарын цалин 3.0 сая төгрөг дээр нэмж улирал тутам 3.0 сая төгрөг авч байна” гэсэн байна.
Энэ бол аудитын шалгалтаар тогтоогдсон дүгнэлт юм.
Мөн дүгнэлтийнхээ 1.55 дэх хэсэгт “Ажилтнуудын урамшууллын журам нь ажилтнуудын нэмэлт ажил гүйцэтгэсэн болон идэвхи чармайлт гаргасан үйл ажиллагааг дэмжихийн оронд харин төлөвлөгөөт ажлаа дутуу гүйцэтгэснээр урамшуулал авах байдлыг тогтоож, улирал тутам дунджаар үндсэн цалингийн 80 орчим хувиар олгож байгаа ” гэж дурджээ.
Өнгөрсөн хавар энэ асуудал хэвлэлээр сөхөгдөхөд тэрбээр өөрийгөө ийм их хэмжээний цалин авдаггүй гэж тайлбарлаж байсан. Гэхдээ яг хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгээ тодорхой хэлээгүй юм. Мөн улсаас тус банкны орон тоог 62 байхаар зааж өгсөн. Гэтэл үүнийг хоёр дахин нэмж 112 болгосон байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын цалин жилдээ 160 төгрөг байдаг нь үнэн гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын газар гаргажээ. УИХ-ын дарга жилд дунджаар 15 сая төгрөг авдаг гэх мэдээлэл бий. Тэгвэл Н.Мөнхбат захирал УИХ-ын даргаас 10 дахин их цалин жилдээ авдаг ажээ.









