Монгол Улс өндөр технологид суурилсан компаниудыг бойжуулна

“Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг хурлаар дэлхийн өндөр технологийг Монголд нутагшуулах туршлагыг эрдэмтэн, судлаачид ярилцлаа. Мөн Монгол Улсад Шинжлэх ухаан технологийн дэд бүтцийг бий болгох зөвлөмж гаргах юм.
Дэлхий шинэ арга барил, шинэ технологийн эрэлд мордож байна. Эрлийн замын эхлэл нь шинэ хандлага, шинэ мэдлэгт тулгуурласан шинжлэх ухаан технологийн парк буюу экосистемийг бий болгох. Тиймээс бид технологийн хурдыг гүйцэх гэж хөөх бус, угтан авч Монголдоо нутагшуулах гарцыг хайна. Өндөр боловсролтой, бүтээлч монголчуудын шинэ үеийг угтан авч, өсгөн торниулах газар нь шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем мөн гэж төрийн тэргүүн энэ уулзалтад хаягласан илгээлтдээ дурдсан байна. Даяаршиж байгаа энэ цагт улам бүр хавтгай болсоор байгаа оюун санаа, сэтгэлгээ, инновацийн эко сүлжээнд бид нэгдэхээс өөр аргагүй. Ингэхгүйгээр улс орноос ялгарч хөгжихийн тухай төсөөлөх ч аргагүй гэдгийг энд цугласан судлаачид хэлж байлаа. Юуны өмнө өндөр технологид суурилсан компаниудыг бойжуулах бодлоготой болохыг гадны судлаачид зөвлөлөө.
Шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг инновацид шингээж, нийгмийн бүхий л салбарыг хамарч, олны хүртээл болгохыг экосистем гэдэг. Хамгийн чухал нь хамрах хүрээ, бодлогоо тодорхойлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөрөнгө төлөвлөх нь чухал. Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд технологийн хөгжлийн 6 дугаар үе рүү шилжсэн байна. Бид анхны гараанаас шан татна. Гэхдээ 6-р үе рүү зөв бодлоготой хараалж болох юм. ОУ-ын хуралд АНУ, БНХАУ, БНСУ, Хонконг, Финланд Кувейт, Сингапураас туршлагатай экспертүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна.Чуулга уулзалтын үр дүнд Монгол Улсад шинжлэх ухааны бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргана.









