Хараагүй залуу нүд хамгаалах программ зохиожээ
Компьютер, гар утас, интернэт орчингүйгээр ажил урагшлахаа больсон өнөө үед насанд хүрсэн хүн өдөрт гурван цаг компьютерийн өмнө суугаад нүдээ амраах дасгалыг хийснээр хараа муудах, сохрох аюулаас бүрэн хамгаалж чаддаг гэнэ. Тэгвэл нүдний хараа муудахаас сэргийлэх программыг П.Эрдэнэбат гэх хараагүй залуу зохион бүтээсэн байна.
Тэрбээр 25 жилийн өмнө золгүй байдлаар хоёр нүд нь юм харахаа больсон аж. Тиймээс компьютер дээр ажилладаг хүмүүст зориулж нүд хамгаалах дасгалын программыг зохион бүтээх ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн гэнэ. Энэхүү программ нь компьютер асаад гурван цаг ажилласны дараа өөрөө гарч ирэн нүдний дасгалыг хийлгүүлэх бөгөөд одоогоор хоёр комплекс таслалттай байгаа аж.
"Soft eyes" нэртэй энэхүү программыг зохион бүтээгч П.Эрдэнэбат “Золгүй байдлаар хараагүй болсон хүмүүсийн хувьд гэнэтийн цочролд орж нийгэмдээ зохицоход их цаг хугацаа сэтгэлийн тэнхээ шаарддаг. 2010 онд 30 настай залуу гэнэт харахаа больж, сэтгэлзүйн хүнд байдалд орон бодит байдалтай эвлэрэхгүй хэцүү байхтай таарсан. Ийм хүмүүсийг сонсоод харахгүй болохоосоо өмнө урьдчилан сэргийлэхгүй дээ гэж харамсаад бардаггүй. Тиймээс гэрэлт хорвоог харж байгаа хүмүүст туслахыг хүссэн юм. Жирийн хүмүүс үргэлж бидэнд туслах биш, бид ч бас тэдэнд тус хүргэх нь зөв гэж бодсон. Тиймээс энэ ажлыг эхлүүлсэн дээ” гэжээ.









