"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 43 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарын эхэнд нийтлэгдсэн хуулиар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг баталжээ. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн индексийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ зэргийг баталсан байна.
Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал, Засгийн газрын шинээр авах гадаад хөтөлбөрийн зээл 202,500.0 сая төгрөг гэсэн агуулгатай хэсэг нэмжээ. Хуулиар, Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид хэр хэмжээний төсөв зарцуулах эрхийг олгосныг энэ хуулиас мэдэж болно. Мөн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар тус тус өөрчлөн баталсан байна. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хуулиудыг нийтлэв. Мөн Нийгмийн даатгалын сангийн энэ оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нийтлэгдсэн бөгөөд тус хуулиар, Нийгмийн даатгалын санд 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталж, ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг тусгасны зэрэгцээ “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг өөрчлөн баталсан байна.
Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хууль болон Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.









