Н.Батбаяр: МАН яахаараа ард түмнээсээ асуухаас айгаад байгаа юм

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Н.Батбаяр нарын 48 гишүүний өргөн барьсан “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
Н.Энхболд: Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл өмнө нь өргөн баригдсан. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?
Н.Батбаяр: УИХ-ын 76 гишүүнээс 48 гишүүн нь Ард нийтийн санал асуулга явуулах төсөл санаачилсан. Үүнийг шинэ юм уу хуучин юм уу гэж асууж байх шиг байна. Энэ бол шинэ. Өмнө нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай яригдаж байгаагүй.
Ц.Нямдорж: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл хамт өргөн баригдсан юм билээ. Тэгээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд гарын үсэг зурсан зарим гишүүд нь бид нарын мэдээгүй байгаа хоёр гурван зүйлийг нэмээд биччихсэн байх юм. Хууль ёсоор хэлэлцэх төсөл мөн үү биш үү? Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд дэмжчихвэл УИХ-ын чуулганаар Үндсэн хуультай зэрэгцэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гээд заачихсан байгаа. Тэгэхээр УИХ-ын ажил цалгардахгүй юу? Байнгын хорооны дарга юу гэж үзэж байна?
Н.Батбаяр: УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Үүнтэйгээ уялдуулаад Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзсэн. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд мөрдөгдөөд байгаа энэ хууль нь батлагдаад 20 жил болж байгаа боловч нэг ч удаа хэрэгжээгүй байгаа юм. Энэ нь Сонгуулийн тухай хуультай зөрчилдөж байгаа учраас зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Үүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Ард нийтийн санал асуулга явуулахын тулд нийт сонгогчдын 50-аас дээш хувь нь оролцсон байх шаардлагатай. 50-аас дээш хувь нь саналыг дэмжсэн байвал хүчинтэйд тооцно. Ард түмний зүгээс дэмжиж буй асуудлыг нь л Үндсэн хуульд оруулна. Ард түмний сонгоогүй ямар нэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахгүй. Тэгэхээр 23 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжийг ганцхан ард түмэн л сонгох болно. Нөгөөтэйгүүр ард түмэн Үндсэн хуульд заасан “Монгол улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу эрхийг нь эдлүүлье. Ард түмний санааг зовоосон олон асуудал, намуудын талцал зэргийг олон түмнээрээ шийдье гэсэн үүднээс уг хуулийн төслийг өргөн барьсан юм.
А.Бакей: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгийг аль ч нам, эвсэл хүлээн зөвшөөрч байгаа гэж бодож байна. Өнөөдрийн төрийн тогтолцооны гажигыг засахгүй бол бид 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн бахь байдгаараа л байх асуудал бий. Иймээс хэлэлцүүлгийн бусад асуудлыг хойшлуулаад зөвшилцөж чадах юм бол амжиж чадна гэж бодож байна.
О.Содбилэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн томъёолол дээр нэг асуулт байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол оруулж байгаа зүйл болгоноор нь ард түмнээс санал асуух нь зөв биш үү? Үндсэн хууль өөрчлөгдөх шаардлагатай гэж ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихвал яг ямар үр дүн өгөх юм бэ?
Н.Батбаяр: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал ганцхан өнөөдөр яригдаагүй юм. 1992 онд Үндсэн хууль батлагдсан. Энэ цагаас хойш л яригдаж байгаа. 2012 оны сонгуулийн дараа ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Бусад улс орнуудаас харахад тогтвортой төр, тогтвортой бодлоготой байдаг учраас хөгжлийн замдаа оржээ. Гэтэл манай улсад энэ нөхцөл нь бүрдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд 14 Засгийн газар ажиллажээ. Ингээд үзэхээр нэг засгийн газар 2 жил хүрэхгүй хугацаанд ажилласан байх юм. Мөн 7 Засгийн газрыг огцруулсан байна. Тэгэхээр төр засгийг тогтвортой байлгах тогтолцоог нь бий болгохын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гээд байгаа юм. Ардын нам яахаараа ард түмнээсээ асуухаас айгаад байгаа юм. Төр, түмэн олон хоёрын чинь дунд түймэр дэгдэх гээд байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя” гэв. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг 56.2 хувийн саналаар дэмжлээ.









