12-18 настай хүүхдүүдийн 26.5 хувь нь архи ууж үзсэн байдаг

“Архигүй Монгол” үндэсний чуулган болж өнгөрлөө. Эрүүл мэнд спортын яам болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулсан тус чуулганд хот хөдөөгийн нийгэм хамгааллын ажилтан, аймгийн засаг дарга оролцсон юм.
Чуулганы эхэнд ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд архины хэрэглээ өсөж, хүн амын дунд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн түвшин буурахгүй байгааг онцлов.
Мөн "Архи нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох нь", Архигүй Монголын төлөө, Архины хяналтын суурь конвенц боловсруулах Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага болон төрийн байгууллагуудын архины хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тус тус танилцуулсан нь өндөр ач холбогдолтой байв.
Үүний сацуу Дорнод, Хэнтий аймгийн туршлагыг хуваалцаж, архины хэрэглээг бууруулахад амжилттай хэрэгжиж буй үйл ажиллагааг танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн, дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж байна.
Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж 1.8 дахин нэмэгджээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хийгдсэн “Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”-аар 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь ууж үзсэн, 11.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэж үзсэн байна. Харин насанд хүрэгсдийн хувьд архийг сүүлийн 1 сард хэтрүүлэн хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 23.5 байна. Энэ нь архийг хэтрүүлэн хэрэглэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг харуулж байна.
Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайл үзүүлж байна. 2013 онд сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа“ -аар сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нарын 35.8 хувь нь архи хэрэглэдэг байна. Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгджээ.
2014 онд Монгол улсад бүртгэгдсэн 27318 гэмт хэргийн 6683 (25.3%) нь согтуугаар үйлдсэн байна. Нийт гэмт хэргийн 25.3 хувь буюу дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдоод байна.
Архи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 2013 онд 422 орчим болж 2009 онтой харьцуулахад 1.9 дахин өссөн байна. 2013 онд эрүүлжүүлсэн хүний тоог нийт хүн амын тоотой харьцуулахад давхардсан тоогоор 24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлсэн дүн гарч байна.
Сүүлийн үед манай улсад архи, спиртийн үйлдвэрийн тоо буурсан хэдий ч архины үйлдвэрлэл 1.4 дахин, шар айргийн үйлдвэрлэл бараг 2 дахин нэмэгдсэн байна. Архи худалдаалдаг цэгийн тоо 2.3 дахин, архиар үйлчилдэг цэгийн тоо 1.6 дахин тус тус өcчээ.
Архины хэрэглээг Монгол улсад бууруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдөр “Архигүй Монголын төлөө” санаачилгыг дэвшүүлж, архидан согтуурахтай бүх нийтээрээ тэмцэх талаар ард иргэддээ уриалсан. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд “Архины хяналтын суурь конвенц”-ийн төсөл боловсруулж, олон улсад батлуулахаар санаачлага гаргасан билээ.
Архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж , архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсаж байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж байгаа зэрэг нь архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаврыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээллээ.









