Н.Тэгшбаяр ОУАЭА-ийн хуралд оролцож байна
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, ГХОНХХ-ийн дарга Н.Тамир нар Олон улсын атомын энергийн агентлагын Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцож байна. 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болж буй уг хуралд Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцдог уламжлалтай юм.
Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд хэрэгжүүлж буй төслүүдээ хэрхэн сайжруулах, цацрагийн аюулгүй байдлын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор бүсийн хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, анагаах ухааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Мөн цацрагийн аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх, цөмийн хэрэглээг энхийн зорилгоор ашиглах, амжилттай туршлага, боломжийг ашиглан үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах юм.
Өнөөдөр тэд үндэсний хөтөлбөрийн төсөөллийн тэмдэглэл болон хөтөлбөрийн зарчмыг хянан үзэхэд дэмжлэг үзүүлэх, бүсийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэрэгжих хөтөлбөрийн бэлтгэл хангах зэрэг ажлуудыг хэлэлцэж буй юм байна.
Дашрамд дурдахад ОУАЭА-ын ТХА-ны хөтөлбөрийн хүрээнд манай улсад цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай гэх мэт олон салбарт ашигладаг болсон. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрийн шугамаар нэгдүгээр эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хавдрыг эсийн түвшинд оношлох спект гамма камерийг, холбогдох мэргэжилтнийг гурван жил сурган хүлээлгэн өгсөн юм.