Олон улсын сувилагчдын өдрийн улсын нэгдсэн арга хэмжээ Өвөрхангай аймагт болно

2014 оны 5 сарын 07

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй холбогдуулан олон улсын сувилагчдын өдрийг “ЭХ, ХҮҮХДИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн улсын нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн онд сувилахуйн үйл ажиллагаагаараа тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймагт 2014 оны 05 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд салбарын 10000 орчим сувилагчдын төлөөлөл, тэргүүний хамт олон хуран цугларах юм. 

Олон улсын сувилагчдын өдрөө оролцогчид сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, ажлынхаа чанар, хүртээмжийг хэрхэн сайжруулах зэрэг асуудлаар алдаа оноогоо хэлэлцэн, хүрэх зорилтоо тодорхойлох юм. Мөн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ёс зүй, хариуцлагыг сайжруулах зорилгоор байгууллагуудын дунд зарласан 4 зорилт бүхий болзолт уралдааныг дүгнэж, тэргүүний байгууллага болоод судалгаа шинжилгээний ажлуудыг танилцуулах ажээ.

 Түүнчлэн тус нэгдсэн арга хэмжээний үеэр 2013 онд сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр Солонгос болон Орос улсад мэргэжил дээшлүүлсэн сувилагчдын баг сурч мэдсэн зүйлс, сувилахуйн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлж болох туршлага, санал санаачлагаа танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сувилахуйн тусламж, үйлчилгээний байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа салбарынхаа бусад байгууллага хамт олонд танилцуулж, туршлага солилцох, сувилгааны түүх хөтлөлтийн ур чадварын үзүүлэх сургалт хийх зэрэг олон ажлыг зохион байгуулах аж. Энэ нь байгууллага хоорондын харилцаа, уялдааг сайжруулахад дэмжлэг болно гэдгийг хэлж байгаа юм.

Нэгдсэн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг болон ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдээс сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан, байгууллага хамт олноо тэргүүлсэн нийт 150 гаруй хүн оролцоно.

 Мөн “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сувилагчдын улсын нэгдсэн уулзалт, арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн биеэр оролцох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2628
0 эможи
keyboard_arrow_up