Салхин станц жил бүр 122 мянган тонн нүүрс хэмнэдэг

Өнгөрөгч 2013 онд ашиглалтад орсон Монголын анхны салхин станцад УИХ-ын гишүүн А.Тлейхан ажиллалаа. Салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэх аж. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэж байгаа юм.
А.Тлейхан гишүүн энэ үеэр хэлэхдээ, нэг жилийн өмнө ирэхэд Салхит салхин цахилгаан станцад хууль эрх зүй болон үнэ тарифын талаар тулгамдсан асуудал олон байсан. Харин нэг жилийн дараа ирэхэд маш сайн ажиллаж олон асуудлыг шийдсэн байна. 2015 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлагдаж эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болсон. Мөн эдгээр хуулиуд батлагдсанаар монголын анхны салхин станцын үнэ тарифын болон бусад асуудал шийдэгдэж, салбарын яам, агентлагууд, холбогдох байгууллагууд хамтран ойлголцож ажилласнаар станцын үйл ажиллагаа саадгүй явагдаж байна. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж эхэллээ. Тиймээс нар, салхи, усаар эрчим хүч үйлдвэрлэх тал дээр манай улс анхаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар нараар эрчим хүч гаргах 3, салхиар эрчим хүч гаргах 5 нийт 8 станц барих хүсэлт ирээд байгаа гэлээ.









