Э.Бат-Үүл: Турк 300 сая доллар, Франц 80 сая евро зээлдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн

2015 оны 11 сарын 05

Шинээр барих цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үзүүлэлт тодорхойлох эхний хэлэлцүүлэг саяхан болж өнгөрсөн.

Хэлэлцүүлгээр зураг төслийн ажил ирэх оны нэгдүгээр сард дуусах бөгөөд 312 сая ам.доллар шаардлагатайг тодорхойлж буй.

Мөн шинээр цэвэрлэх байгууламж барихын өмнө 400 мянган метр куб талбайг эзэлж буй лагийн асуудлыг шийдэх асуудал тулгараад байна.

Уг асуудалд Хотын захирагч Э.Бат-Үүл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ус суваг ашиглалтын газрын дарга С.Үнэн ямар байр суурьтай байгаа талаар сонирхлоо.

С.БАЯРЦОГТ: ЛАГ ШАТААЖ ТҮЛШ БОЛГОХ ТЕХНОЛОГИЙГ ЭНЭ ЖИЛ НЭВТРҮҮЛЖ ТУРШИНА

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: “Сая төсвийн төслийг хэлэлцэж байхад Ардчилсан намын бүлэгт хамгийн их яригдаж, ойрын хугацаанд шийдэх асуудлаар цэвэрлэх байгууламжийг тодорхойлж байлаа. Цэвэрлэх байгууламж баригдах хүртэл 3-5 жилийн ажил байгаа учраас хоёр янзаар шийдвэл яасан юм бэ гэх санал боловсруулсан. Нэгдүгээрт дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг лаг боловсруулах биологийн аргыг оруулж ирээд хавар зуны улиралд хэрэглэе гэсэн зорилт тавьсан. Энэ ажилд зориулан тодорхой хөрөнгийг төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн хувьд бид лагаа хатаагаад зайлуулах аргыг хэрэглэж байгаа бол орчин үеийн технологи нь лагаа боловсруулж шатаагаад дулаан гаргах явдал юм. Энэхүү туршилтын ажлыг энэ жил оруулж ирэхээр болсон. Ингэснээр өнөөдөр хуримтлагдсан хур их лагийг арван жилийн турш түлш болгон дуусгах юм. Энэ ажилд 8.1 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан. Ирэх хавар гэхэд үр дүнгээ үзнэ.”

С.ҮНЭН: ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ НЬ ЛАГААС МЕТАНЫ ХИЙ ГАРГАН АВЧ ЦАХИЛГААН ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛНО

Ус суваг ашиглалтын газрын дарга С.Үнэнгээс шинэ цэвэрлэх байгууламжаар лагийн асуудлыг хэрхэн шийдэж буйг тодруулахад “Шинэ цэвэрлэх байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад дуусаж байна. Удахгүй зураг төсөл нь дуусна. Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногтоо 250 мянган шоо метр усыг хүлээн авч цэвэрлэх бололцоотой болно. Шинэ цэвэрлэх байгууламжийн техникийн шийдэл дээр лагийг боловсруулж, исгэж метаны хий гарган авч эргээд цахилгаан дулаан үйлдвэрлэх боломжтой болно. Гэхдээ лагийг юу ч гүй болгоно гэдэг технологи дэлхий дээр хараахан гараагүй байна. Хөгжилтэй орнуудын хувьд гаргаж авсан метаны хий буюу газаа шатахуун болгон ашигладаг юм билээ” гэв.

Э.БАТ-ҮҮЛ: ФРАНЦЫН ЗАСГИЙН ГАЗАР 80 САЯ ЕВРО ЗЭЭЛДҮҮЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ МЭДЭГДСЭН

Хотын захирагч Э.Бат-Үүл: “Нийслэлээс зургаан тэрбум төгрөг гаргаад шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ хийлгэж байгаа. Өмнө нь бид ямар зарчмаар явж ирсэн гэхээр юу өгч байгааг авдаг байсан. Одоо бол юу авах ёстойгоо л авдаг зарчимд шилжээд байна. Энэ жишгээр гүйцэтгэгч талд өндөр технологи оруулж ирэхгүй бол болохгүй гэсэн шаардлагыг тавиад байгаа. Жишээ нь бид Туркийн 300 сая долларын асуудлыг шийдчихсэн байгаа. Бас Францын Засгийн газар 80 сая евро зээлдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн” гэж хариулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26217
0 эможи
keyboard_arrow_up