Сүхбаатар дүүргийн иргэд хогноосоо салах шинэ арга нэвтрүүллээ
Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан “Тохилог гудамж” уралдааныг зарлаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо эрүүл орчинг бүрдүүлэх зорилгоор “Миний гудамж хоггүй хороо” аяныг энэ сарын 1-ээс ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл явуулж эхэлжээ. Энэ хүрээнд 12 дугаар хорооны иргэдийн санаачлагаар “Эко” үйлчлэгч гудамжаа цэвэрлэх болсон байна. Тус хорооны засаг дарга Ц.Болормаа “Эко үйлчлэгчийг иргэд санаачлан тэдний дэмжлэгээр хийх болсон нь хамгийн их онцлогтой” хэмээн ярив. Гудамж бүр үйлчлэгчтэй болох бөгөөд нийт 13 үйлчлэгч өчигдөр хувцас, хэрэгслээ авсан байна. Ингэж гудамжний хогийг цэвэрлүүлснийхээ төлөө өрх бүр эко үйлчлэгчид сард 1000 төгрөг өгөх юм байна.