Саатуулагдаад байгаа Б.Батзаяа гэж хэн бэ?

Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй Баасандоржийн Батзаяа гэдэг тэр бүр хүн танихгүй нэгнийг 2011 оны эхээр “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирлаар гэнэт томилогдоход “Женко Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг өөд нь татаж, төмөр замд хүссэнээ хийлгэх замаа заслаа” гэсэн хэл ам дэгдэж байлаа.
Энэ үед Х.Баттулга гишүүн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байв.
Б.Батзаяа ч өөрийгөө Х.Баттулгын хүн гэдгээ бүр эхнээсээ нуугаагүй ба хожим нийтлэлч Б.Ганчимэгт ярилцлага өгөхдөө, “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж бахархалтай хэлсэн байдаг. “Open door” сонинд хэвлэгдсэн энэ ярилцлагаас үзэхэд, тэрээр Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад, 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Олон улсын холбоонд элсэж, бүх шатны сургалтуудыг нь дүүргээд, олон улсын сургагч багш болсон, 2000 онд гэрээт харуулын компани байгуулж, “Женко” болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцах болжээ. Үүнээс өөр намтарт нь тодорхой зүйл байдаггүй, тэр ч байтугай Зам, тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын өндөр сэнтийд заларч байхдаа ч Яамныхаа вэб хуудсанд бусдын адил CV-гээ тавиагүйг нь “ил засаг.мн” сайт илчилж байжээ. Гэхдээ энэ нь түүний ажил байдлын бүрэн дүүрэн тодорхойлолт мэдээж биш.
– 2009 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилогдоод төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ашигтай ажиллуулах, шинэ төмөр замын төслийг урагшлуулахаар хичээн ажилласан, харин Зам, тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа салбарын хөгжлийг бүхэлд нь харж, улс орны тээврийн нэгдсэн бодлогын концепцийг цаг алдалгүй гаргах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна гэж тэрбээр сэтгүүлчид ярьж байжээ.Тухайлбал “Монголын төмөр зам” ТӨХК шинэ төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах гэрээг “МакКинсей энд Со” компаниар ахлуулсан багаар хийлгэсэн, Дорноговийн Сайншанд сумын Хар тойромд шинэ замынхаа шавыг тавьсан, төмөр замын төслийн техникийн зураг төсөл хийх компанийг шалгаруулсан, Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замын далангууд босгож эхэлсэн байна. Гэсэн хэдий ч зарим ажил нь бүр эхнээсээ хэл ам дагуулжээ. Ялангуяа Хонконгод бүртгэлтэй, Солонгос-Хятадын хамтарсан “Монголын төмөр замын суурь бүтэц” ХХК-тай Засгийн газарт мэдэгдэлгүй нууц гэрээ хийсэн гэх дуулиан дэгдэж компаний захирал Батзаяа болон сайд Х.Баттулга нарыг буруутгалаа. Х.Баттулга Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу гэрээг байгуулсан гэж тайлбарласан ч, Засгийн газрын хуралдаанаар огт хэлэлцээгүй асуудлаар аль нэг сайд дураараа гэрээ байгуулах ёсгүй гэх хатуу сануулгыг авчээ. Энэ үеэр Б.Батзаяа, тийм нууц гэрээ байгуулсныг “үзээгүй, хараагүй хэрнээ, үзсэн харсан мэт үнэнийг гуйвуулагчдыг үхэх ялаар цээрлүүл. Их засаг хууль”гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд хэд хэдэн сайдыг АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байлаа. Гэтэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Баттзаяа, “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ийн захирал Уилиам Ван, ахлах зөвлөх Ион Жу Ким нар гарын үсэг зурж, үүнийг нь Х.Баттулга сайд зөвшөөрч гарын үсгээ зурсан 20 хуудас бүхий гэрээг нүдээр үзсэн гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж нар нотолж байжээ. Энэ асуудлаар Б.Батзаяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай ч яригдаж байв.
2012 оны тавдугаар сарын 10-нд Б.Батзаяаг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Энэ нь дээрх нууц гэрээтэй холбоотой байсан ч байж болох. Б.Батзаяа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй, шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр түүний талд гарсанаар ТӨХ түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар эргүүлэн томилсон байна. Нууц гэрээний асуудал 2012 оны 3 дугаар сард дахин сөхөгдөж байлаа. Тухайлбал Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж 51-ээс доошгүй хувь нь төрийн өмчид байх “Үндэсний төмөр замын суурь бүтэц” нэртэй компани байгуулах саналыг Засгийн газраар хэлэлцүүлсний дараа Ерөнхий сайд Сү.Батболд “ далдуур хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцлийг Засгийн газрын түвшинд ярихгүй” гэж мэдэгджээ.
2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад “МоАХ” фракцийн А.Гансүх Зам, тээврийн сайдаар томилогдоод Б.Батзаяаг тус Яамны Төрийн нарийн бичгийн дарга болгов . Энэ томилгоо мөн л хэл ам дагуулав. УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд Б.Батзаяа ирдэггүй том толгой гаргадаг, цаг хоцордог, ер нь том толгой гаргадагтаа ч биш, гишүүдийн асуултад хариулж чадахгүй учраас ирдэггүй юм байна гэх зэргээр чихэндээ үе үе хонх уяулж байлаа. Түүнтэй холбоотой ноцтой хоёр зүйл яригдсаны нэг нь БНХАУ-аас худалдаж авсан вагон зүтгүүрүүд байв. Тэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Хятадын “China CNP Corporation Limited ” корпорацаас 60 сая доллараар вагон зүтгүүрүүд, засварын машин, өргүүр худалдан авсан нь Монгол Улсад ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, олон сая долларын хохирол учрууллаа гэж буруутгагдаж байв.
Нөгөө нь П.Бат-Эрдэнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилон ажиллуулахдаа Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын төсөлд 487 сая,1800 км төмөр замын зураг төсөл хийлгэхэд 11,8 сая, хуулийн үйлчилгээнд 4,5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд 1,9 сая, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5,5 сая, нийтдээ 510 сая долларын гэрээ хийлгэж гарын үсэг зуруулсан явдал байлаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шинэ төмөр зам барих ажлыг эдгээр нөхөд 7 жил саатууллаа. Тэгсэн одоо “Чингис” бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд сууж байх юм. Төмөр замын урьдчилсан судалгаа гэдэг зүйл хийлгэнэ гэж 2-3 жил болчихоод 3 вагоноо ХААН банкинд барьцаанд тавьж байж 12 сая доллар зээлсэн. Одоо тэр мөнгө нь байхгүй болсон. Энэ асуудлыг ярихаар би үнэхээр ганцаарддаг. Манай МАН-ынхан үүнийг ярихгүй байгаа.Шулуухан байх хэрэгтэй. АН-ынхан энэ тухай тас нуудаг. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох юм бэ? гэж УИХ-ын Байнгын хорооны хурал дээр асууж байлаа.
Б.Батзаяаг буруутгасан бас нэг зүйл нь Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон явдал. Уг нь энэ төмөр замыг 2016 онд ашиглалтад оруулснаар манай улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тн-д хүргэхээр төлөвлөж байсан гэдэг. Ухаахудаг- Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан боловч эрхийг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Монголын төмөр зам” ТӨХК-д авч өгсөн юм. Ингээд тус компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “ Samsung C &T ” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах болжээ. Одоо энэ замын газар шорооны ажил л 80 хувьтай байгаа гэлцдэг.Үүнд “Чингис” бондоос гаргасан 200 сая долларын зарцуулалтыг хуул хяналтын байгууллагууд шалгах ёстой ч гэж бичигддэг юм.
Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам, тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг “ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээн зэмлэж, сануулж, цалинг нь тодорхой хувиар хасаж шийтгэж байсан ба 2014 -08-08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Батзаяаг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ Харин Б.Батзаяа сурсан заншлаараа энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийг нь хууль бусаар чөлөөлсөн, улс төрийн золиос болголоо гэж үзэж байгаагаа хэлсэн байдаг.
Тун саяхан “Болод.мн” сайтад түүний тухай мэдээ гарчээ.” МАН-ын сайд Н.Төмөрхүүгийн халааг авсан М.Зоригт сайд, экс сайд А.Гансүхийн багийг бүрэн бүрэлдхүүнээр нь дуудаж “ супер” томилгоо хийж байгаа энэ үед Б.Батзаяаг Төрийн нарийн бичгийн даргаар эргэж ирнэ гэх яриа Зам, тээврийн Яаманд сонсогдож байна” гэж энд бичсэн байна. Үнэхээр тэр дахин дэвших эсэхийг хэлэхэд эрт байна. Одоогоор тодорхой байгаа зүйл бол “Монголын төмөр зам” ТӨХК-ын ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг хоёр хоногийн өмнө ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж хорьсон, мөн энэ өдөр Өмнөд Солонгосын “ Samsung C&T” компанийн байранд цагдаагийн ажилтнууд нэвтрэн орж бичиг баримтыг хураан авсан төдийгүй зарим Солонгос захирлыг нь баривчлан авч явсан гэх мэдээлэл юм. Баасан гаригт цагдаагийнхны хийсэн гэнэтийн баривчилгаа нь ямар нэгэн гэмт хэргийн халуун мөрөөр мөшгөсөн үү, эсхүл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг торгоохын тулд Б.Батзаяагийн “босс” Х.Баттулгад өгсөн улс төрийн сануулга уу гэдэг нь удахгүй тодорхой болох бизээ. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг “Politik.mn” тодруулан мэдээлэх болно.









