Манай оронд 3811 гол, горхи байдаг

Орос, Монголын хилийн усны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Хил хязгааргүй Сэлэнгэ мөрөн” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, хил дамнан урсдаг гол мөрний хамгаалалт, ашиглалтын сэдвээр хоёр орны судлаачид хэлэлцлээ.
Хоёр орны судлаачид өнөөдөр Сэлэнгэ мөрнийг онцолж, ашиглалт хамгаалалтын асуудлыг хэлэлцэж байгаа ч Сэлэнгэд цутгадаг гол, жижиг цутгалгын асуудал ч хөндөгдөж байгааг онцолж байна. Учир нь Сэлэнгэ мөрөн өөрөө манай орны гол мөрдийн үндсэн усан сүлжээ болдог. Өөрөөр хэлбэл, Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд гол мөрдийн судалгаа хангалттай сайн хийгдсэн ажээ. Одоо харин гаргасан энэ судалгаагаа ашиглаж, гол мөрдийг яаж хамгаалж, хэрхэн ашиглах талаар хэлэлцэж байгаа юм. Ялангуяа усыг зөв ашиглахад анхаарч, эхнээсээ зөв бодлого боловсруулах нь чухал гэдгийг албаныхан онцолж байна.
Дашрамд дурдахад, манай орны хувьд 67000 км урттай 3811 гол горхи, 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 190 гаруй мөсөн гол 250 гаруй рашаантай бөгөөд газрын доорх усны 139 орд газар байдаг байна.









