Сонсголонгийн замыг өнөөдөр нээнэ

“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголон чиглэлийн 5.5 км авто замын ажил дуусч, өнөөдөр нээнэ. Авто замын ажлыг “Арц Суварга”, “Бадрах Ойл” ХХК-ууд гүйцэтгэж байгаа бөгөөд шинээр оруулж ирсэн машин нь минутад дөрвөн метр өргөн 26 см зузаан, нэг метр урт бетон зам дэвсэх хүчин чадалтай хэмээн танилцууллаа.
Сонсголон чиглэлийн авто замыг 1971 онд 280 м гүүрийн хамт барьж байсан бөгөөд том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчдог ачаалал ихтэй зам учраас 90 гаруй хувийн эвдрэлтэй болоод байсан юм. Тиймээс энэхүү хэрэгцээ шаардлага, онцлогт тохируулж, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг 16 метр өргөн, хажуугаараа дугуйн болон явган замтай, суурийн үеэс гадна зөвхөн бетон хучилтын зузаан нь 26 см байхаар тооцсон байна. Уг замын нийт төсөвт өртөг 23 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 16 тэрбум нь даацын замын өртөг бол бусад нь замыг өргөтгөх, инженер дэд бүтцийн ажлын зардалд зарцуулагдсан аж. Тухайлбал, энэ замд 100 гаруй сэтэлгээ хийж, ДЦС-4 болон бусад томоохон байгууллагын дэд бүтэцтэй уялдуулсан учраас инженерийн байгууламжийн зардал харьцангуй өндөр гарсан гэнэ.
Ингэхдээ ХБНГУ-ын “Wirtgen” группын SP 500, АНУ-ын “Gomaco” брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материал ашигласан байна. Өмнө нь бетон дэвсэгч Gomaco машинаар Оюутолгойн онгоцны буух хөөрөх зурвасыг гүйцэтгэж байжээ. Харин авто замын салбарт Сонсголонгийн зам анхных болж байгаа аж.









